Tuesday, November 6, 2012

Гол өгсөхөд...








 Чагнаагийн Пүрэвдоржийн "Гол өгсөхүй" яруу найргийн номыг уншаад, төрсөн бодлоо бичлээ.





Би үржил шимт Буянт голын хөвөөнд өссөн хүн. Гол өгсөх гэдгийг Буянт голыгоо өгсөхөөр төсөөллөө. Цэцэгсийн орон, ариунаас ариун Алтайн уулсын суга бүрээс түм буман гол горхи нийлж, хэрхэн Буянт гол эх авч урсдагийг би мэднэ. Тэр түмэн гол горхины орон, “үүл цэцэг хоёр үнгэлдэн” байдаг Түмтийн нуруунд зусаж байхдаа сүүн өнгөт түмэн горхи нийлээд тийм их үржил шимтэй Буянт голыг үүсгэдэг гэдгийг ухаарах насанд хүрээгүй байж дээ. Хамаг амьтныг тэтгэгч Буянт голоо өгсөхөд тэнгэрт суудалтай Түмтийн нуруундаа хүрэх юм.
Эхлээд Буянт голыг тариа ногооны хүмүүс хонон өнжин дугаарлан, өөрийн талбай руу урсгадаг тэр хэсгээс эхлэн өгслөө. Яруу найргийг уншихыг яг тэр ногооны талбайг услах ёстой шиг хүмүүний оюун ухааныг услах, ургуулахтай адилтган бодлоо. Тэр олон тийш урсаад цааш урсах усгүй болмоор санагдавч, ногоо тарианы газрыг өнгөрөөд, өөрийнхөөрөө урсаж л байдаг. Хааяа нэг Буянт голынхоо хөвөөнд очиж суухаар намуухан урсах урсгалын чимээнд тайтгардаг сан. Монголчууд урсгал сөрж явахаас биш уруудах дургүй. Ийм л газраас гол өгсөж эхэллээ.
Тохойрон тахиралдан урсах Буянт минь өгсөх тусам гатлаж гарахын аргагүй томордог. Гол өгсөхүйг уншихад мөн л адил. Хуудас ахих бүр ихийг бодогдуулах шиг. Миний эхэлсэн газраас холгүйхэн Бугат үзүүр хэмээх ширэгт тохой байх. Тэнд сууж хэдэн шүлэг уншлаа. Ялангуяа “Цага хугацаа” хэмээх шүлгийг уншаад баймаар санагдлаа. Нээрээ л торгон хадаг сэмрэх хүртэл нэлээд олон зуныг хойгуур урдуур сонсогдох морин төвөргөөн дунд өнгөрөөх байх даа хэмээн бодож суутал “голт борын өчүүхэн цэцэг” уйлах шиг. Орчлонгийн хамаг амьтанд өөр өөрийн зовлон байдагчлан түүнд бас өөрийнх нь гомдол, өөрийнх нь нулимс гарах шалтгаан байгаа биз. Хүмүүнийг гаднаас хараад ямар амьдрал дунд, ямар зовлон туучин байгааг бүгдийг мэдэх биш дээ. За яахав. Уйлаад тайтгараг, тэр голт борын цэцэг.
Цааш усны чимээнд хөтлөгдөн өгсөхүй дор “ үл хөдлөх, үл дуугарах, үл явах...” хөх уулсын хавцлаар Буянт гол дошгирон урсах нь сүртэй. Хүрсэн өндөрлөгөөсөө хийсэн ажлаа омог бардам харах мэт, хүний сэтгэлийн учрыг олж, ойлгосон мэт, “хязгааргүй гэгч нь энэ л байх даа” гэмээр олон бодол сүлэлдэх шиг. Тэр үед нөгөө уулс “ залбирсан ч зандарсан ч эс тоох” мэт ихэмсэг хийгээд дүнсгэр. Уулын харгианы чимээнд хажуугийн хүн хашгирсан ч үл сонсогдоно. Бас энэхүү догшин урсгалд зарим нэг бодлоо урсгаад явуулбал надаас хурдан холдоно. 
Хөдөө арал  сайхан, хөглөгөр Хангай  сайхан гэнэ. Миний нутгийн нүцгэн уулс  ч гэсэн өөрийн гэсэн сайхантай. Мацаж гараад, дээр нь тэнгэр ширтээд хэвтэхэд амар амгаланг  мэдэрдэг. Бүр өндөр нь халуун зунаар  мөсөн оройтой. Суга, дэвсэг болгон  айлтай, тэр айлуудын эзэд  бас “Сарлаг Дамбий”, “Ойлин толгойт” “Хөх шанаат” шиг хүмүүс байх. Гэхдээ тэдний  амьдрал, хэлсэн үг, бодсон бодол бүхэн эгэл.  Тэдний уулсын дунд голоо өгсөн уруудан нүүхдээ бодсон бодлын охь нь нөгөө эрдэмтэн судлаачдын хүрсэн үнэн байдаг. Тэдэн дундаас “гэгээнтэн” төрдөг.
Тэр уулын сугаар урсах голыг өгсөхөд хад, чулуу  давах тойрох хэрэг бишгүй гарах юм. Саад бүхнийг даваад өгсөхөд хонин сүргээ гаднаа налайлгаад, гэрийн гадна сансрын антенн өлгөсөн гэрүүд бөмбийнө. Хөгжил дэвшил, технологи малчны гэрт  бас очжээ. “Е”-малчин гээд шүлэглэх цаг мөдхөн биз. Ирж буй цагийн аясанд нүүдэлчин амьдралаа авч үлдэх сэн.
Голын урсгалын чимээ, замд тохиолдох бүхнийг сонирхож явсаар, зам маань жаахан “буруу зүг” ханджээ. Голын сав, хөндийг дагаад, агаар сэнгэнээд сайхан байдаг юм байна. Ус амьдралыг тэтгэгч болохоор тэр биз. Буруу зүгт улс орон тэр аяараа хандах ч байдаг хойно. Өнөөдөр зөв зөв хэмээн явж байгаа зам хожим буруу болох тал бий. Зөвтөж буруудаж явдаг хүмүүний амьдралын замд буруу зүг явж байгаа мэдсэн хирнээ явсаар байх харин жинхэнэ “буруу зүг” болно. Тийм болохоор гол өгсөж байгаа хүн голоо  дагая.
Уулсын дунд хөгжмийн эгшиг үүсгэн харгих голыг өгсөх замдаа ортол, хамгийн түрүүнд биднийг тосдог “банхар” угтан ирлээ. Гэртээ дөхөж байгаагийн дохио болон ирсэн нохой  олон хоног сараар санасандаа үе үе эрхлэн, хоёр талд гаран шогшино. Хоёулахнаа малаа маллаж байсан аав, ээжид минь хичнээн их хань, нөмөр болдог байсан бол. Адуунд хоногоор явсан аавын минь эзгүйд ээж нохойтойгоо яриад, хонь малаа хотлуулдаг байсан байх даа. Монгол малчин нохойтойгоо хамжин малаа малладаг болохоор нохойг хайрламаар. “Өдөржин дуулах өчүүхэн шувуухайн” шулганаан голын эхэнд зусах эцгийн гэрийг ойртсоныг илтгэнэ.
Тийм ээ. Түмэн гол горхи урсгаж, Буянт голын үүсгэдэг Түмтийн нуруунд зусах гэртээ ирэхэд холын нуруунд налайх хонин сүрэг сувд адил цайран, дэргэд адуу тургилан, хад асга шажигнуулах нь сайхан. Нөгөө дагаж өгсөж байсан гол минь алга. Тэр голын эх авч урсдаг газар болохоор нам дор ортлоо олон түмэн салаа жижиг гол горхи хэлбэрээр оршиж байгаа нь уншиж байсан найргийн ном дуусаад, бодол оюуныг минь олон олон тийш нь авч одох шиг.




Friday, October 26, 2012

Миний хобби



Эмэгтэй хүн болж төрсний хувьд, уран удмын үргэлжлэл болохоороо юм оёх, хатгах дуртай. 
Энэ удаа зүү ороох оёдлоор номны хавтас оёлоо. Ч.Пүрэвдорж багшийн "Багшлахуйн менежмент" номонд зориулсан. Эх хэл дээрээ ийм сайхан ном уншсандаа талархаад хавтас оёсон. Бараг 6 сар оёжээ. 

Зохиомж нь Ц.Дамдинсүрэнгийн "Номын утга далай мэт гүн, тэнгэр мэт өргөн, дэлхий мэт уудам, номыг унших нь тэнгэрт нисч, далайд сэлж, дэлхийг туулах мэт" гэсэн ишлэлээр хийгдсэн. 

Хичнээн завгүй байсан ч  дуртай зүйлээ яаж ийгээд хийх юм даа. Тэгээд ч би завгүй байх тусмаа их юм амжуулдаг. 

Энэ хавтас яг зүү ороох оёдлоор оёсон 3 дахь хавтас. Монголчууд номыг дээдлэн торгонд ороодог байсан болохоор торгоор оёсон. 



Thursday, October 4, 2012

Америк явсан тухай


МУБИС-ийн БС-ийн багш нарын AНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбия хотын Колумбия коллежид зочилсон тухай товчхон...
2012 оны 6-р сарын 21-нээс 7-р сарын 5-ны хооронд МУБИС-ийн БС-ийн захирал Д.Энхцэцэг, мөн сургуулийн БСАЗ-н тэнхмийн эрхлэгч Д.Одгэрэл, БУТ-ийн багш Д.Амартүвшин, МУБИС-ийн Архангай аймаг дахь БС-ийн ГХ-ний тэнхмийн эрхлэгч Э.Ганболд нарын бүрэлдэхүүнтэйгээр AНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбия хотын Колумбия коллежид зочлон сургууль багш нарын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус аялал нь МУБИС, Колумбия коллежийн хамтын ажиллагааны 5 жилийн гэрээний хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг билээ. Аяллын зорилгыг товч тодорхойлбол:
·        Колумбия коллежийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох
·  Колумбия хотын сургуулийн бага насны хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй танилцах
Юуны өмнө Колумбия коллежийн тухай товч танилцуулъя. (www.columbiasc.edu)
 Тус коллеж нь 1854 онд байгуулагдсан. 12 орон, АНУ-ын 27 мужаас ирсэн 1300 гаруй оюутантай, үндсэн 80 гаруй, цагийн 80 гаруй багштай, бүх багш нарынх нь 80% нь эрдмийн зэрэг цолтой. Оюутан багшийн харьцааг 12:1 гэж үздэг. Энэ нь үндэсний хэмжээнд дээгүүр орох үзүүлэлт болдог. 1. Урлаг, харилцаа судлал, 2. Зан төлөвийн судалгаа, хүн судлал, 3. Бизнес, математик, байгалийн ухаан, 4. Боловсрол, 5. Хэл уран зохиол, 6. Ерөнхий боловсрол гэсэн үндсэн салбаруудтай. Бид Боловсролын салбарын үйл ажиллагаатай түлхүү танилцсан. Тус коллежийн ерөнхийлөгч өндөр насны тэтгэвэрт гарсан тул шинэ ерөнхийлөгч сонгогдсон. Түүний нэрийг Elizabeth A.Dinndorf гэдэг. Бид шинэ ерөнхийлөгчийн анхны зочид байсан. Тус коллеж нь хэд хэдэн хичээлийн байр, спорт цогоцлбор, урлагийн хоёр театр, номын сан, оюутны дотуур байр зэргийг багтаасан томоохон цогцолбор юм.
Бид хөтөлбөрийн дагуу боловсролын салбарын багш нартай танилцах, оnline-аар харьцдаг болон өөр өөрсдийн мэргэжлийн багш нартайгаа уулзах, хичээл сургалт хэрхэн явагдаж буйг ажиглах, мэдээллийн технологийн үзүүлбэр үзэх, номын сантай танилцах ажлуудыг хийлээ. Тус коллежийн номын сан, мэдээллийн технологийн түвшин, оюутныг бие даасан үйл ажиллагаанд хөтлөж буй багшийн үйл ажиллагаа, оюутан, багш нарын хандлага гээд бидэнд суралцах зүйл олон байна. Өндөр түвшний сэтгэн бодох чадварыг(HOTS) хөгжүүлэхэд сүүлийн үед боловсролын аль ч шатанд их анхаарч байгаа нь харагдаж байсан. 


Аяллын дараагийн гол зорилго болох бага насны хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй танилцах ажлын хүрээнд Өмнөд Каролина мужийн Riverbank zoo амьтны хүрээлэн, Колумбия хотын урлагийн музей, Edventure хүүхдийн музей, хүүхэд хөгжлийн төв, хүүхдийг сургуульд бэлтгэх төрийн бус байгууллага First step гэх мэтийн газруудаар очлоо. Эдгээр газруудад хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг товч танилцуулъя:
Riverbank zoo амьтны хүрээлэн: (www.riverbanks.org)
 1973 байгуулагдсан. 69 га талбайтай, 3000 гаруй амьтантай, жилд 1сая хүн үздэг. Энэ амьтны хүрээлэн хүүхдэд зориулсан олон хөтөлбөртэй. Үүнд: 2-4 насны хүүхдэд зориулсан Zooventures, 3-7 насныханд зориулсан Pony classes, 5-7 насныханд зориулсан Junior Zookeeper, 5-аас насанд хүрэгчдийг хамарсан Family on Safari Оvernight, 8-13 насныханд зориулсан Junior Master Gardener гээд маш олон хөтөлбөр бий.
Richland County Public Library: (www.myRCPL.com)
1865 онд байгуулагдсан. Жилд 2,2 сая орчим хүнд үйлчилдэг. Өдөрт төв номын сангаараа 3000, салбаруудаараа 5000 хүнд үйлчилдэг. 1,1 сая номтой, тогтмол хэвлэгддэг 15000 гаруй сэтгүүл, 150 гаруй сонин цаасан болон онлайн хэлбэрээр, 90000 гаруй видео, интернетэд холбогдсон 400 гаруй компюьтертэй, 80 электрон өгөгдлийн сантай. Зуны улиралд 30 гаруй мянган хүүхэд тусгай хөтөлбөрт хамрагддаг. Нярай хүүхдийн уншлагын тасаг ажилладаг. Унших чадвар сайжруулахад чиглэгдсэн хөтөлбөрт олон хүүхдүүд хамрагддаг. Энэ номын сангийн нэг томоохон ялгаа нь уншигчид өөрсдөө номоо үзэж сонгож авах боломжтой.  Нэг удаад 30 хүртэл номыг 60 хоногийн хугацаатай гэрээр олгодог.
Урлагийн музей: (www.columbiamuseum.org)
1950 онд байгуулагдсан. 15 галерейтэй. Тус музейн сан хөмрөгт Италийн сэргэн мандалтын үеийн бүтээлүүд, Европ, Ази, Америкийн урлагийн сонгодог бүтээлүүд байдаг. Биднийг үзэх үеэр Америкийн сүүлийн 200 жилийн сандлын үзэсгэлэн гарч байсан. Тус музей хүүхдэд зориулсан олон хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Уран зургийн хичээл орж байгаатай танилцсан. Мэргэжлийн багш уран зургийн нарийн ширийнийг зааж, хүүхдүүдийг тусгай заавар өгч музейн үзмэрүүдийг үзэж байхдаа ажиглалт хийлгэж, асуултанд хариулуулж байсан.
Edventure хүүхдийн музей: (www.edventure.org)
Тус музей нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд зориулагдсан тус хотын хүүхдүүдийн очих дуртай газар бөгөөд сургалтын маш олон хөтөлбөртэй. Музейн гол танхимд дэлхийн хамгийн том хүүхэд гэгдэх 12м 19см өндөр 17тонн жинтэй Еddie хэмээх хүүгийн суугаа хөшөөн дотор хүний биеийн анатомийг судлах боломж бүхий авирах зам байдаг нь хүүхдүүдэд хүний бүдүүн гэдсээс тархи хүртэл ямар бүтэцтэйг нүдээр үзэх ховорхон боломж болдог. Энэ музей 9 үзэсгэлэнгийн танхимтай, 350 гаруй интерактив, хүүхдэд зориулсан хөтөлбөртэй. Ажил мэргэжил бүхнийг өөрсдөө хийж туршиж үзэх боломжийг хүүхдүүдэд олгосон байдаг. Байгаль, амьд организм, шинжлэх ухаан, техникийн гайхамшгийг хялбаршуулан хүүхдийн өмнө дэлгэсэн нь онцгой.
Хүүхэд хөгжлийн төв: Америкийн эцэг эхчүүд сүүлийн үед цэцэрлэгээс хүүхэд хөгжлийн төвийг илүү үзэх болжээ. Бидний очсон хүүхэд хөгжлийн төв нь 1-12 настай хүүхдүүдийг өдрийн цагаар хүлээн авч, бие бялдар, танин мэдэхүйн хөгжлийн хичээлүүдь нийгэмшихүйн харилцаанд сургах зохилготой ажиллаж байна. Хүүхдүүдийг насаар нь ангилж, 5-8 хүүхэдтэй хоёр багш ажилладаг. Эрүүл мэнд, хооллолт тал дээр маш их анхаарч, эцэг эхчүүдийг хамтад нь сургалтанд хамруулах хөтөлбөрүүдтэй.
First step TББ: (www.rcfirststeps.org)
Richland county-д ажилладаг томоохон төрийн бус байгууллагуудын нэг юм. Тус байгууллагын эрхэм зорилго нь тухайн нутаг дэвсгэрийнхээ хүүхэд бүрийг нэгдүгээр ангид эрүүл, сурахад бэлэн болгож оруулах явдал гэж үздэг. Санхүүжилтээ муж, орон нутгийн төсөв, бусад эх сурвалжуудаас бүрдүүлдэг. Багш, сувилагч мэргэжилтэй хүмүүс ихэвчлэн ажилладаг. Хүүхдийг хөгжүүлэх хэрэглэгдэхүүн, тусгай хөтөлбөр, төслүүдийн сан бүрдүүлж чадсан байсан.  Зураг дээр тус байгууллагын зөөврийн хэрэглэгдэхүүний өрөө харагдаж байна. 

Аяллын хүрээнд албаны хэд хэдэн уулзалт хийсэн. Үүнд: Колумбия коллежийн шинэ ерөнхийлөгч Elizabeth А.Dinndort, хуучин ерөнхийлөгч Caroline Whitson, тус коллежийн сургалт хариуцсан дэд захирал Laurie B.Hopkins, Өмнөд Каролина мужийн The State сонины сурвалжлагч Carolyn Click нартай уулзалт хийлээ. Мөн Колумбия хотын Гадаад харилцааны хэлтсийн хүлээн авалтанд Монголыг сурталчлах илтгэлүүд тавилаа. Эдгээр уулзалтын үр дүнд Колумбия коллежтэй байгуулсан 5 жилийн хамтын ажиллагааны гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрч, тус мужийн сонинд зураг бүхий сурвалжлага нийтлүүлж, нөлөө бүхий судлаач, харилцааны ажилтнуудад Монголын талаар мэдээлэл өглөө.


Дүгнэлт: Тус аяллаар төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэж, өдөр бүр шинийг үзэж, ижил мэргэжлийн багш нар хэрхэн сургалт судалгааны ажлаа явуулж байгаа болон оюутнууд хэрхэн оролцож байгаатай танилцлаа. Аялалд оролцсон багийн хувьд энэ удаагийн аяллыг амжилттай боллоо гэж үзэн гол онцлогийг дараах зүйлүүд хэмээн үзэж байна. Үүнд:
1.     Колумбия коллежид очсон Монголын талаас очсон анхны баг
2.     Доктор Линн Ноблийн хичээл зүтгэлээр олон өгөөжтэй ажлууд урдчилан төлөвлөгдсөн байсан ба тэдгээр ажлууд амжилттай хэрэгжсэн. Далай, эртний сонгодог хот, мужийн сенатын хурлын үйл ажиллагаа, багш нарын амьдрал ахуй, ардчилсан нийгмийн мөн чанар, хүмүүсийн харьцаа хандлага гээд олон зүйлийг нүдээр харсан.
3.     Колумбия коллежийн үйл ажиллагаа,  америкийн бага насны хүүхдүүдийг хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй биечлэн танилцлаа. Монголд хэрэгжүүлж болох олон санаанууд төрж, ажил хэрэг болгох юм сан гэсэн бодол тээж ирсэн.
4.     Монгол орноо сурталчлах ажлыг өөрсдийн хэмжээнд амжилттай хийлээ. Монгол орон, монголчуудын амьдрал, урлаг, боловсрол гээд танилцуулгууд хийлээ.
5.      Хоёр сургуулийн хамтын ажиллагааны цаашид хийх ажлын талаар хэлэлцэж тохиролцлоо.

Sunday, June 17, 2012

Багшийн сургуулиар бахархнам

2012 оны 4-р сарын 11нд Монгол Бөхийн Өргөөнд Багшийн сургуулийн Хөгжмийн багшийн салбарын 50 жилийн ойн концерт үзлээ.
Үнэхээр гайхамшиг. Монголын хамаг алдар суутай хөгжмийн зохиолчид бүгд манай сургуулийг төгсжээ. Төгсөгчид тухайн сургуулийн үнэт зүйл юм даа.
Иймэрхүү уулзалт энэ тэрээс багшийн сургуулиараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж, нэр хүндийг нь өндөрт өргөж явах хариуцлагыг мэдэрдэг.

Америк явах болсон

2012 оны 6-р сарын 20нд Америк явах гэж байна. Энэ аяллын үеэр блогоо идэвхтэй хөтөлнөө. Сэтгэл хөдлөөд тэсч ядан хүлээж байна.

Thursday, April 12, 2012

Хавар...

Хаврын намуухан үдэш хонь мал төлөө дагуулан гэрийн ойр бэлчиж байхад ээжийн хийсэн борцтой хоолны үнэр ханхийж, радиогоор нэвтрүүлэгч эмэгтэйн намуухан танил хоолой сонсогдохуйд нэг их амар амгалан намайг эзэмддэг сэн.
Тэр амар амгаланг хааяа нэг исгэрэн, хонио гэр лүү хандуулаад мориноосоо бууж, морио хөтлөн гэрийн зүг айсуй аав минь чимдэг.
Хоол хийх зуураа тугалын хүзүүвч зэхэх ээж минь олон тугалтай болохоос илүү их сүү сааж, амьтан ах дүүд өгөх сөн гэсэн бодол, өрдөн түлэх аргалын гал хоёрт жаахан халууцсан харагддаг сан. Онгорхой үүдэнд нохой маань эгээ л гэрийн нэг гишүүн шиг хэвтэх.
Хаврын урт өдрийн ажилд ядарсан гэрийнхэн маань борцны шөлөнд хөлс алдан тухална. Аав тамхиа нэг сайхан баагиулан өдрийн сонин, малын бэлчээрт уулзаж учирсан хүнээс сонссон сонинг намуухан хүүрнэж амсхийнэ.
Бүрий болж, эхний одод харагдаж, мал хот руугаа зүглэхэд ганц нялх хурга эхээ хайн майлан майлан явах нь нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох мэт. Харгана дэрсний ёроолоор шахам хараацай ч юм уу бор шувуу юм уу жижигхэн шувууд нисэх нь зөвхөн намайг л тойрон нисэх шиг.
Өвлийг давсан мал, хүний зоо тэнийсэн хаврын үдшийн ийм нэгэн дүр зураг миний ой тойнд эдүгээ ч тодхон.

Saturday, April 7, 2012

Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ

Инээх чинь хүртэл ээжээ ээж гээд
Хэлэлцээд байх юм аа
Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ
Ивээл хайрынх нь өгөөмөртэй
Эгнэхгүй л байх даа би
Хичээх л юм даа ээжий минь гэсэн дууг аялахуйд нүд минь аяндаа нулимсаар дүүрэх юм. Алтайн уулсын шуугин урсах сүүн өнгөт голоос ус аваад, тандаа цай чанаж өгөх минь яалаа. Тэнгэрт ойрхон нутагтаа тантайгаа хамт зусах минь ч яалаа. Тэргэл саран оройд нь саатсан, тэргүүн буурал уулсынхаа цэцэгсийг хэлхэж өгөх минь яалаа. Таныхаа дуртай бүхнийг тэвэр тэврээр аваачиж өгөх минь яалаа. Орсон гарсанд тараадаг чихэр жимсийг нь таслахгүй байх минь ч яалаа. Тэр бүхнийг хийхэд юу нь хэцүү байсныг одоо ойлгохгүй юм даа ээж ээ. Тэнэг хүний ухаарал тээр хойно гэж. Энэ блог дээрээ ээжийгээ санасан сэтгэлээ дэлгэж бичихүйд өмнөх үсэгнүүд нэг бүдгэрч, нэг тодорч, нулимсан дунд минь  ирийнэ.