Би нүдээ аньж, чихээ таглаж, амаа хамхимаар байна
(Өөртөө хэлэх
үг)
Хүмүүс сайхан
амьдарч байхад ажлаа хийе, ном уншъя, бүтээгдэхүүнийхээ чанарыг нэмэгдүүлье
гээд гай болж байдаг надад их гэм байна. Бусдын сайхан
болчихсон гэж үнэлж байгаа ажлыг “дотоод мөн чанар нь биш байна” гэж бухимдах
ямар шаардлага байгаа юм. Миний бодож эргэцүүлж байгаа буруу ч юм билүү? Өөрөө
сайн дураараа хэн ч хий гээгүй байхад цаг заваа зарцуулж баахан хэрэггүй юм
хийсэн миний л хохь. Яагаад ийм байдаг юм бэ? гэж бодоод надад хамаг асуудал
байгаа гэж дүгнэлээ.
Шинэ
зүйл олж мэдэх, үзэх харах, унших тусам “энэ
түвшинд хүртэл бид мөн хол байна даа” гэж өөрийгөө зовоож байхаар би юу
ч уншихгүй, харахгүй байсан нь дээр юм байна. Хүн яаж өөрийгөө удирдаж байгааг
харж бухимдахын оронд өөрийгөө хянаж, бусдад саад болохгүй байхаа хичээмээр юм
би. Бусдыг ажлаа яаж хийж байгааг харах
шаардлага юу байна? Яагаад заавал над шиг хийх ёстой гэж? Миний бодож байгаа
буруу ч юм билүү? Тэр хүмүүс хийж байгаа болоод цалин хөлсөө аваад,
хариуцлагатай бүтээлч гэж үнэлгээ аваад явж байхад. Тэгэхээр надад харах хэрэг алга.
Уулзаад
өнгөрсөн бүхэндээ нэг сайн үг хэлэх юм сан, нэг санаа өгөх
юм сан, нэг урам өгөх сөн гэж бодож явдаг минь буруу юм биш үү? Тэр хэрээрээ
бусдаас тийм өнгө аястай үг, сайн үг хүлээгээд өөрийгөө зовоох хэрэг юу байна? Миний
хэлснийг хүн хэрэгжүүлэх, сонсох албагүй. Тэр хүнд өөрийн гэсэн зорилго, бодсон
зүйл байгаа. Нэг үг сонссоноо ургуулан бодоод, түүний утга, үр дүн, учир шалтгааныг
өөрийнхөөрөө төсөөлснөөс болж бухимдах хэрэг юу сан билээ. Тэгэхээр надад
сонсох хэрэг алга.
Өөрийн бодсон
зүйлээ заавал хэлэхгүйгээр, дотроо бодоод өнгөрч болдоггүй хүн шүү би.
Сайхан үг хэлэх ёстой амаар заавал бухимдлын үг чулуудах хэрэг юу байна? Амыг
зөвхөн бусдад сайхан үг хэлж, хайрлахад зориулах ёстойг хатуу сануулъя. Тиймээс
надад
ярих хэрэг алга. Хэрэв ярьвал зөвхөн сайн үг хэл.
Юу ч харахгүй,
юу ч сонсохгүй, юу ч хэлэхгүй бол надад бодох, эргэцүүлэх хэрэгцээ үүсэхгүй
байх даа. Юу чухал вэ? юу чухал биш вэ? гэдэг нь заавал надтай адил байх албагүй. Өөрийнхөө
л тухай бодоод, өрөөлийг өөр шигээ байлгахыг хүсэхгүйгээр бодлоо захирч сур. Тэгэхгүй
бол эргэн тойрондоо дандаа гай болж, таагүй уур амьсгал үүсгэнэ. Чиний бодох
зүйл бол “надгүйгээр нар тусдагаараа тусаж, дэлхий эргэдгээрээ эргэнэ”. Хэрвээ би зөв зүйл хийвэл үр дүн нь хорвоогийн
сайн сайханд дусал ч гэсэн хувь нэмэр болж, буруу зүйл хийвэл үрийн үрээ эдлэх
биз. Буянаараа
болог.
За ингээд би
юу ч харахгүй, юу ч сонсохгүй, юу ч ярихгүй байхаар боллоо. Гай болж байсныг
минь уучлаарай гэж заавал хүмүүсээс гуйнаа. Ийм байя гэж бодохгүй биш боддог л юм. Болдоггүй л хорвоо доо. Байдаг чадлаараа хэрэгжүүлэх
болноо.
No comments:
Post a Comment