Thursday, April 12, 2012
Хавар...
Тэр амар амгаланг хааяа нэг исгэрэн, хонио гэр лүү хандуулаад мориноосоо бууж, морио хөтлөн гэрийн зүг айсуй аав минь чимдэг.
Хоол хийх зуураа тугалын хүзүүвч зэхэх ээж минь олон тугалтай болохоос илүү их сүү сааж, амьтан ах дүүд өгөх сөн гэсэн бодол, өрдөн түлэх аргалын гал хоёрт жаахан халууцсан харагддаг сан. Онгорхой үүдэнд нохой маань эгээ л гэрийн нэг гишүүн шиг хэвтэх.
Хаврын урт өдрийн ажилд ядарсан гэрийнхэн маань борцны шөлөнд хөлс алдан тухална. Аав тамхиа нэг сайхан баагиулан өдрийн сонин, малын бэлчээрт уулзаж учирсан хүнээс сонссон сонинг намуухан хүүрнэж амсхийнэ.
Бүрий болж, эхний одод харагдаж, мал хот руугаа зүглэхэд ганц нялх хурга эхээ хайн майлан майлан явах нь нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох мэт. Харгана дэрсний ёроолоор шахам хараацай ч юм уу бор шувуу юм уу жижигхэн шувууд нисэх нь зөвхөн намайг л тойрон нисэх шиг.
Өвлийг давсан мал, хүний зоо тэнийсэн хаврын үдшийн ийм нэгэн дүр зураг миний ой тойнд эдүгээ ч тодхон.
Saturday, April 7, 2012
Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ
Хэлэлцээд байх юм аа
Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ
Ивээл хайрынх нь өгөөмөртэй
Эгнэхгүй л байх даа би
Хичээх л юм даа ээжий минь гэсэн дууг аялахуйд нүд минь аяндаа нулимсаар дүүрэх юм. Алтайн уулсын шуугин урсах сүүн өнгөт голоос ус аваад, тандаа цай чанаж өгөх минь яалаа. Тэнгэрт ойрхон нутагтаа тантайгаа хамт зусах минь ч яалаа. Тэргэл саран оройд нь саатсан, тэргүүн буурал уулсынхаа цэцэгсийг хэлхэж өгөх минь яалаа. Таныхаа дуртай бүхнийг тэвэр тэврээр аваачиж өгөх минь яалаа. Орсон гарсанд тараадаг чихэр жимсийг нь таслахгүй байх минь ч яалаа. Тэр бүхнийг хийхэд юу нь хэцүү байсныг одоо ойлгохгүй юм даа ээж ээ. Тэнэг хүний ухаарал тээр хойно гэж. Энэ блог дээрээ ээжийгээ санасан сэтгэлээ дэлгэж бичихүйд өмнөх үсэгнүүд нэг бүдгэрч, нэг тодорч, нулимсан дунд минь ирийнэ.
Friday, December 2, 2011
Таныгаа ногоон дарь эх байсныг ухаарлаа
Tuesday, November 1, 2011
Боловсрол гэж юу вэ?
Tuesday, October 18, 2011
Өөрт хэрэгтэй илчлэгээ тооцох аргачлал
Биеийн жингийн байвал зохих хэмжээг олох хоёр аргыг санал болгоё
| Эрүүл жин = биеийн өндөр (метр) х биеийн өндөр (метр) х 22 (тогтмол тоо) Жишээ нь 160см өндөр хүний эрүүл жин
| Эрүүл жин=биеийн өндөр(см)-100 Жишээ нь 170 см өндөр хүний эрүүл жин 170-100=70кг байх юм. |
Хоног хоол, хүнсээр авбал зохих илчлэгийн хэмжээг тооцох
Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхэлдэг 160 см өндөртэй, 40 настай эрэгтэй хүний хоол хүнсээр авбал зохих илчлэгийн хэмжээг тооцъё.
Бодисын үндсэн солилцоо тооцох = Стандарт хэмжээ х Эрүүл жин
- Бодисын үндсэн солилцоо = 22,3 х 56.3 = 1255.9 ккал
- Стандарт хэмжээ
Насны бүлэг Эр Эм
18-49 22,3 21,7
50-69 21,5 20,7
Биеийн хөдөлгөөний идэвхийн коэффициент
- Оюуны хөдөлмөр эрхэлдэг, хөдөлгөөн багатай – 1,5;
- Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхэлдэг - 1,75;
- Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг - 2,0
Хоногийн нийт илчлэг = Бодисын үндсэн солилцоо х Хөдөлгөөний идэвхийн коэффициент
- Нийт илчлэг = 1255.9 ккал х 1,75 = 2297,8 ккал
Хоногт авбал зохих илчлэгийн хэмжээ
Өдөрт хэрэглэсэн хүнснийхээ илчлэгийг тооцох нэгэн арга
Хүнсний бүтээгдэхүүний бүлэг тус бүрээс өдөрт хэрэглэх стандарт хэмжээг нэгжээр зааж өгсөн байдаг. Бүлэг тус бүрээс өдөрт хэрэглэх нэгжийн тоо өөр байна.
- Үр тариа, гурил (11-22 нэгж)
- Хүнсний ногоо (4-8 нэгж)
- Мах, махан бүтээгдэхүүн (2-3 нэгж)
- Сүүний бүлгээс (1-2 нэгж)
- Жимс, жимсгэний бүлэг (1-2 нэгж)
Нэгжийн тоо нь тухайн хүний хэрэгцээнээс гадна нас, хүйс, биеийн жин, хөдөлгөөнөөс хамаарна.
Хүнсний бүтээгдэхүүний нэршлээр нэгжийг тооцох
| үр тариа | Хүнсний ногоо | Мах | Сүү цагаан идээ (1-2 нэгж) | Жимс, жимсгэнэ |
| Талх 1зүсэм | Түүхий ногоо 1 аяга | Чанасан мах 200гр | Самар 1 аяга | Шинэ жимс 1ш |
Хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг бүлгээр сонгох зөвлөмж
/хоол судлалын төв 1999 он/
|
| Хүнсний бүтээгдэхүүний бүлэг (нэгжээр) | ||||
| Насны бүлэг | Үр, тариа | Хүнсний ногоо | Мах | Сүү, цагаан идээ | Жимс |
| 4-10 нас | 12 | 4-5 | 2 | 1-2 | 2 |
| өсвөр үе | 14-16 | 6 | 2-3 | 2 | 2 |
| Насанд хүрэгсэд | 18 | 6 | 3 | 2 | 2 |
| Жирэмсэн ба хөхүүл эхчүүд | 20-22 | 7-8 | 3 | 2 | 2 |
| Ахмад настан | 16 | 6 | 2-3 | 2 | 2 |
Ашиглаж болох эх сурвалжууд:
· ТХБ-ын гарын авлагууд
· Хоол.mn
· Goo.mn
· Medeelel.mn
· Healthyeatingclub.org
· Machinehead-software.co.uk
Tuesday, September 6, 2011
Миний зуны амралт
Энэ зуны амралт минь үр дүнтэй сайхан өнгөрлөө. 7-р сарын 8 хүртэл сургууль дээрээ эргэлдэн ойр зуурын ажлаа амжуулаад UB guesthouse-ийн Болороо эгч рүү ярьсны дагуу говь руу явах аялал санал болголоо. Энэ компаны шугамаар нийт 4 удаа 26 хоног аялжээ.
Хүмүүс тэр бүр очиж чаддаггүй Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар мөнгө төлж биш авч аялаад их эрч хүч авч чадсандаа баяртай байна. Аялал бүрд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон хүмүүстэй танилцаж, санал бодлоо солилцож, сэтгэлийн цэнгэл эдлэж чадлаа. Тэд Монгол орны байгаль, өвсний үнэр анхилсан амар амгалан диваажинг минь бишрэхүйд бахархах сэтгэлээр цадаж явлаа.
Испаний жуулчид Архангай аймгийн Батцэнгэл суманд байх компаны гэрээт гэр буудлуудын жорлонгийн өмнө цайх цагаан уул цэцгийг хараад "Альпийн нуруунд дархлагдсан цэцэг танай оронд жорлонгийн хажууд хүртэл зөндөө ургажээ. Шудрага биш байна " хэмээн шуугилдаж байсан.
Өөрийн эрхгүй "Ямар уудам юм бэ Монголын тал нутаг
Ямар уужуу юм бэ Монгол хүний сэтгэл" гэсэн мөрүүд аманд аялагддаг.
Орхоны хүрхрээ дээр очоод тэрхүү сүр хүчит шуугин унах их усыг өөр лүүгээ нэвтрэн орох эрч хүч энерги хэмээн төсөөлж зогсохуй дор байгаль хүмүүний хүйн холбоог мэдрэх мэт санагдсан.
Монголын их амар амгалан гэж нэгэнтээ уулга алдсан яруу найрагчийн мэдрэмж ямархан агуу юм бэ?
Намрын гуниг
Нутагт минь намар айлчлан ирж, айлууд намаржаандаа бууж, мал таргалан налайгаад сайхан байгаа даа. Намар цагт нутагтаа очиход морины дөрөө шүргэм ургасан дэрс түнгэний дунд аав минь хонио хариулж, ээж минь идээ цагаагаа хураасан сайхан байдаг сан. Тэрхэн үед ээжийгээ бурхны оронд яваад, тэр намрын налгар өдрүүд дурсамж дунд минь үлдэхийн чинээ санасангүй явжээ. Хүн хүний төлөө сэтгэлээ чилээн орсон гарсан хүүхэд хөгшингүй ид уу гэсээр чихэр жимс атгаж хүн бүрт тараах дуртай таныг минь охин чинь бүү хэл нутгийн минь налгар намрын өдрүүд үгүйлж байгаа даа. Таныгаа санаад байна.