Thursday, August 12, 2021

Зорилго руугаа чиглэсэн суралцагч

 

Их сургуулийн оюутан эрдэмд шамдан сайн мэргэжилтэн болох нь улсын ирээдүйг тодорхойлох хүчин зүйл билээ. 21-р зуунд хэн бүхэн багшийн шахалтаар биш өөрийн ухамсраар хичээлээ давтаж, ном уншиж, өсөж дэвших болжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн жолоодлоготой суралцах гэсэн үг. Үүний нэгэн чухал хүчин зүйл бол сайн зорилго дэвшүүлж, бүхий л үйл ажиллагаагаа тэрхүү зорилго руу чиглүүлж ажиллах чадвар юм.

Хэн нэгний зорилго “сайхан амьдрах” байсан гэвэл бүх насаараа үүнийг ярьсаар, сайхан амьдарч чадахгүй өнгөрч болно. Энд ямар байвал сайхан амьдарсан гэж үзэх вэ? хэзээ сайхан амьдрах вэ?  тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах уу?  гээд олон зүйл тодорхойгүй байна. Тэгэхээр зорилгоо хэрхэн оновчтой дэвшүүлэх талаар хамгийн түгээмэл шаардлагыг танилцуулъя.  1981 онд судлаач Жорж Доран анх зорилго нь SMART байхын давуу талыг тооцсон өгүүлэл бичжээ. SMART гэдэг нь товчилсон үг бөгөөд  S(specific), M(measurable), A(achievable), R(relevant), T(time-bound) гэсэн үгнүүдийн эхний үсгүүд юм. Эдгээрийг нэг бүрчлэн тайлбарлавал:

S: Энэ нь нарийлаг, тодорхой гэсэн үг буюу яг юуг хэн хийх нь тодорхой байх ёстойг тусгасан байх ёстой.

M: Хэмжиж болохуй буюу тухайн зорилгын үр дүн тоон болон тодорхой үзүүлэлтээр хэмжиж болохоор байх ёстой.

A: Хийж болохуй гэсэн үг буюу тухайн зорилгыг гүйцэтгэж, хийж дийлэхээр байх ёстой гэсэн үг.

R: Тухайн зорилго нь өөртөө нь хамааралтай буюу өөрийнх нь мэдлийн  ажил байх ёстой.

T:Цаг хугацаа нь тодорхой заагдсан байх ёстой гэсэн үг.

            Оюутан та өөрийн зорилгыг эдгээр шаардлагыг биелүүлж чадаж байгаа эсэхийг шалгаарай. Жишээлбэл, нэг оюутан сайн багш болох гэсэн зорилго дэвшүүлсэн гэж бодъё. Тэгвэл энэ зорилгын хувьд дээрх 5 шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг авч үзье.

Шалгуур

Үнэлгээ

Тайлбар

S

Нарийвчилсан, тодорхой

Хангасангүй

Ямар бол сайн багш гэхийг заагаагүй

M

Хэмжиж болохуйц

Хангасангүй

Сайн багш гэж ямар үзүүлэлт хэд байгаад хэд болохыг заагаагүй

A

Хийж болохуйц

Хангасан

Төгсөгч бүрд сайн багш болох боломж бий

R

Тантай холбоотой

Хангасан

Өөрөө л сайн багш болох тухай бичжээ

T

Цаг хугацаа нь тодорхой

Хангасангүй

Хэзээ, хэдэн жил, сарын дараа энэ зоригод хүрэхийг заагаагүй

 

Харин “IELTS шалгалтад 2020 оны 12-р сарын 1 гэхэд 6.5 оноо авах” гэсэн зорилгын дээрхтэй адил шалгуураар үнэлбэл:

S: Англи хэлний IELTS шалгалт өгөх юм байна.

M: 6.5 онооо гэсэн нь хэмжигдэхүйц байна.

А: Сайн бэлтгэсэн тохиолдолд авч болох оноо учир хэрэгжихүйц байна.

R: Чи өгөх учир чамтай холбоотой байна.

T: 12-р сарын 1 гэхэд гэсэн учир цаг хугацаа нь тодорхой байна.

            Зорилгод чиглэсэн суралцагч гэдэг нь дээрх нөхцөлийг хангасан зорилго дэвшүүлээд, түүнийг биелүүлэхийн төлөө шамдаж, бүх цаг зав, боломж, оюун ухааны түүний төлөө чиглүүлж, зарцуулж байгаа хүмүүнийг хэлнэ. Үүний төлөө зүтгэх үед тэвчээр алдагдах, цагаа дэмий өнгөрөөх, дахин дахин зорилгоо өөрчлөх, хийж буй үйл нь зорилго руу нь чиглээгүй байх зэрэг бэрхшээл гарна. Эдгээрийг шантралгүй давснаар зорилгоо биелүүлэх юм.

 

Та өөрийн энэ хичээлийн жилийн болон 30 нас хүртэлх гол зорилгоо шинээр тодорхойлж, SMART эсэхийг үнэлж үзнэ үү?

Энэ хичээлийн жилийн зорилго: ...................................................................................................

...........................................................................................................................................................

30 нас хүртэлх зорилго: .................................................................................................................

...........................................................................................................................................................

Шалгуур

Үнэлгээ

Тайлбар

S

Нарийвчилсан, тодорхой

 

 

M

Хэмжиж болохуйц

 

 

A

Хийж болохуйц

 

 

R

Тантай холбоотой

 

 

T

Цаг хугацаа нь тодорхой

 

 

 

Баярлалаа.

Амжилт хүсье.

Saturday, December 12, 2020

Elon Musk ба математик

 Элон Маск гэж хэн бэ?

Аугаа их Циолковский мэндэлснээс 114 жилийн дараа ....... онд Өмнөд Африкт инженерийн гэр бүлд мэндэлсэн Элон Маск (Elon Musk) хэмээх зохион бүтээгч, сэтгэгчийн талаар та сонссон байх аа. Хүүхэд байхдаа маш их ном уншдаг байсан хүү физик болон бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшжээ. Түүний нэр автомашины шинэ эрин үе болох цахилгаан автомашины супер загвар Теслa-тай холбогддог. Түүний бүтээсэн цахим төлбөрийн систем болох PayPal-аар та ямар нэгэн төлбөр хийх шаардлагатай тулгарч байсан гэж найдаж байна. Мөн нарны эрчим хүчийг ашиглах SolarCity төслийг санаачлан хөрөнгө оруулан ажилласнаараа дэлхийн дулаарлын эсрэг томоохон бодит хувь нэмэр юм.

Харин сүүлийн өдрүүдэд түүний нэр сансар судлал, сансрыг эзэмдэх хүн төрөлхтний ололт амжилттай холбогдон цуурайтаж байна. Түүний үүсгэн байгуулсан SpaceX компани 2020 оны 5-р сарын 30-нд сансарт анхны 2 нисгэгчтэй хөлөг болох Dragon-ыг тээвэрлэсэн Falcon 9 пуужин хөөргөлөө. Элон Маскын хамгийн том амжилт бол сансрын нислэг, тээврийн зардлыг их хэмжээгээр багасгасан явдал юм. 1970-2000 оны хооронд сансарт 1кг ачаа хүргэх зардал тогтмол 18500 доллар байсан бол SpaceX компанийн Falcon 9 пуужингийн 1кг ачаа хүргэх зардал түүнээс 6.8 дахин бага буюу ердөө .......... орчим доллар юм. Өөрөөр хэлбэл, сансарт ачаа хүргэх зардлыг ........ хувиар бууруулж чадсан байна. SpaceX компанийн зардлаа хэмнэсэн гол зүйл бол сансрын хөлгийг дахин ашиглах, мөн нарны эрчим хүч, хиймэл оюун ухааны тусламжтай технологи ашиглах зэрэг шийдэл юм. Тэдний Falcon heavy хөлөг нэг удаагийн хөөрөхдөө ойролцоогоор 27 Азийн заантай тэнцэх буюу ............. кг орчим ачааг сансарт гаргах боломжтой гэж үзжээ. Dragon capsule-ийн хошуу ≈ ..... м, битүү бүхээг ≈..... м, их бие ≈..... м,  хошууны суурийн диаметр ≈ ...... м

Элон Маскын нэгэн зорилго бол Марс гарагт хүн төрөлхтний дараагийн амьдралыг бий болгох хүсэл тэмүүлэл юм. Марс гараг 26 сар тутамд дэлхийд хамгийн ойртдог тул SpaceX компани тэр тохиол бүрд хүмүүсийг Марс гараг руу илгээж, 2025 оноос Марс дээр хүмүүс суурьшиж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Марс бол дэлхийгээс 10 дахин бага жинтэй, радиус нь дэлхийн радиусын талтай тэнцдэг. Дэлхий бейсболын бөмбөг шиг гэвэл Ангараг ........................................... шиг харагдана.

Удахгүй Монголын уудам нутагт хаа сайгүй Элоны StarLink компанийн 5G интернетийн сүлжээг хямдхан ашиглах байх аа.

Дэлгэрүүлж мэдээлэл авах эх сурвалж:

• https://solarsystem.nasa.gov/solar-system/our-solar-system/overview/

• https://en.wikipedia.org/wiki/Elon_Musk

• Unlock.podcast #1 https://www.youtube.com/watch?v=Br3rT-FBYls

• Ашли Ванс ЭЛОН МАСК Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь. 2015


ЭРГЭЦҮҮЛЭХ АСУУЛТ (багш нарт)

• Шинэ мэдээлэл авч чадсан уу? ......................................................................................

• Юу шинэ байсан бэ?.......................................................................................................

• Элон Маскын тухай өмнө нь хэр мэдэж байсан бэ?.....................................................

• Хэдэн бодлого бодсон бэ?..............................................................................................

• Бага боловсролын математикийн ямар чадваруудыг шаардаж байна? .....................

...........................................................................................................................................

...........................................................................................................................................

• Интернетээс мэдээлэл авсан уу?....................................................................................

• Интернетээс ямар хэл дээр мэдээлэл авсан бэ? ............................................................

• Иймэрхүү даалгавар 5-р ангийн сурагчид хэр сонирхолтой байх бол?......................

• Энэ даалгавартай холбоотой

▪ видео үзүүлэх боломж бий юу?..............................................................

▪ зураг зуруулж болох уу? .........................................................................

▪ танилцуулга бэлтгэх даалгавар өгч болох уу? .....................................

▪ өөр бодлого нэмж зохиох боломж бий юу?...........................................

▪ эцэг эхчүүдийг оролцуулсан даалгавар төлөвлөж болох уу? .............

▪ ном унших, түүнтэй холбоотой ажил зохиож болох уу? ....................

▪ Зөв бичих дүрэмтэй холбоотой даалгавар зохиож болох уу? .............

• Энэ даалгаврыг хийснээр сурагчдад дараах боломжийн аль нь бий болох вэ? (√)

o Хязгааргүй мөрөөдөх

o Физик, сансар судлалыг сонирхох

o Өөрийнхөө үйл ажиллагааг хянан зохицуулах

o Урам зоригтой болох

o Математикийн даалгаврыг дуртай хийх

o Зохион бүтээх хүсэл эрмэлзэл төрөх

o Уншсан зүйлийнхээ агуулгыг эргэцүүлэн бодох

o Мэдээллийг лавшруулан судлах

• Танд энэ даалгаврыг хийсний дараа ямар бодол төрснийг хуваалцана уу? .............. ............................................................................................................................................................................................................................................................................................................

Tuesday, May 5, 2020

Улаанхадын гүйлс цэцэглэх цагаар


Өмнө зүгийн дулаан уур амьсгалын нөлөөгөөр энэ нутагт эрт хавар болдог санж. Хаа сайгүй гүйлс цэцэглэж, зөөлөн өнгөөр хорвоог чимж, лавандагийн тансаг үнэрээр амьсгал мялаах ийм нэгэн хавраар Улаанхад хотноо ажиллаж эхлэв. 2020 оны 3-р сарын эхээр  бидний 6 багш МУБИС-ийн томилолтоор ӨМӨЗО-ны Улаанхад (англиар Chifeng, Хятадаар 赤峰) хотын Улаанхад дээд сургуульд зочин багшаар ажиллахаар очсон билээ. Бидний ийнхүү зочлон ажилласан хөтөлбөр нь БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Гадаад орноос эрдэмтэн урих” төслийн хүрээнд бидний 6 багш 2019 оны 12-р сарын 18-нд Гуанжоу хотод очиж, зочин багшаар ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн юм.
 
Өвөрлөгч ахан дүүсийн нутаг болох Улаанхад орчим өвөг дээдсийн минь түүхийн гэрч болох олон дурсгал үлдэж, эдүгээ Хуншань соёлын төв хэмээн нэрлэгддэг ажээ. Кидан улсын нийслэлийн туурь, Шар мөрөн,  Хишигтэн, Зүүн, Баруун Байрин, Харчин, Ар Хорчин хошуу, Улаанбутан, Онгонуудын элсэн манхан, Далай нуур, Далан хар уулс гээд эртний зохиол бүтээлд сонсож байсан танил нэртэй газар орон санагдсан. Хошуудтайгаа нийлээд 5 сая шахуу хүн амтай, түүний 18% орчим нь Монгол үндэстэн ажээ. Тэндэхийн Монгол үндэстний хэл аялга Жирим аймгийнхны аялгаас нэлээд өөр, бидэнд ойлгомжтой байсан. (Газрын зургийг www.wikipedia.org -аас авав.) Эдүгээ цагт Улаанхад хот Дундад улсын цэвэр хотуудын нэг гэдгээрээ ялгарч, гудамж талбай, нийтийн үйлчилгээний газруудын цэвэрч байдлыг эрхэмлэнэ. Уг хотод Дундад улсын томоохон хотуудад байдаг бүхий сүлжээ болон томоохон үйлчилгээний газрууд байдаг.

         Улаанхад хотод нийтийн соёл, үйлчилгээ маш сайн хөгжсөн бөгөөд хүний төлөө хийсэн олон шийдлийг хотын хаанаас ч харж болно. Нийтийн ариун цэврийн өрөө, автобусны буудал, хоолон гэр, банкны үйлчилгээ гээд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг тусган сайжруулсан үйлчилгээ нь Вичат (wechat)-ийн боломжтой нэгдэн, өдрөөс өдөрт хөгжиж байна.
            Худалдаа үйлчилгээний газар өдрийн од шиг цөөн монгол хүн таарах бөгөөд ерөнхийдөө Хятад хотод явж байгаа мэдрэмж төрнө. Гэвч улсын бодлогоор бүх байгууллага монгол бичгээр хаягаа бичсэн байдаг.
           

            Улаанхад хотын бас нэгэн гайхамшигт орчин бол хотын цэцэрлэгжүүлэлт юм. Надад хамгийн сайхан санагдсан зүйл бол борооны дараах арцны үнэр байсан. Гудамж талбайд тарьсан бүхэн цэцэглэж, үр жимс нь алаглан байх нь сэтгэл баясгана.
    

            
Удахгүй суман галт тэрэг зорчих зам барилгын ажил өрнөж, хүн зон нь тэрхүү хурдан галт тэрэгний замаар цахилан ирэх хөгжил дэвшил, өөрчлөлтийг таамаглан ярилцах нь олонтоо. Хурдан галт тэрэг Улаанхад хотоос Бээжин хүрэхэд 40 гаруй минут явах учраас энэ хотын амьдрал нэлээд өөрчлөгдөх байх даа. Биднийг байх үеэр Хөх хотод анхны хурдан галт тэрэг зорчиж, холыг ойртуулж, хөгжлийг хурдасгаж байгаа тухай мэдээллийн сувгуудаар хэдэн өдөр шуугисан.
Бидний ажилласан сургууль бол 14 мянга гаруй оюутантай, 24 салбар сургуульд 50 гаруй мэргэжилтэн бэлтгэдэг Улаанхад дээд сургууль билээ. Энэ сургууль нь ӨМӨЗО даяар эмч мэргэжилтэн, түүний дотроос шүдний эмч бэлтгэх чиглэлээр нэлээд танигдсан юм билээ. (http://www.chifenguniversity.com/) Дараах зурагт сургуулийн усан оргилуур, номын сан, хичээлийн танхимыг харууллаа.
           

Улаанхад дээд сургууль бол монгол түүх, соёлын судалгааг дэмжин, олон судалгааны төв байгуулж ажилладаг. Шар мөрний судалгааны төв, Цахар судлалын төв гэх мэт. Мэргэжилтэн бэлтгэх бааз сайн бэлтгэгдсэн нь номын сан, дадлагын лабораториуд, туршилтын танхим, биеийн тамирын зориулалтын талбай зэргээс илэрхий байдаг.
Бидэнд нэг жилийн хугацаанд маш олон халуун сэтгэлтэй ахан дүүс тусалж дэмжиж байсны хүчээр “Монголын багш” гэсэн албан бус хэрнээ хүндтэй, хариуцлагатай нэрээ ажлын амжилт, бүтээлээр харуулж чадсан. Тэдгээр хүмүүсийг энд дурдахад энэ хуудас хүрэлцэмгүй олон учраас онцлон Улаанхад дээд сургуулийн захирал Ли Деронг, дэд захирал Бүрэнжаргал, ажилтан Цоож, Жан, багш Мөнгөнтуяа, Хосбаяр, Алтанбулаг, Хастуяа, Сарантунгалаг нарыгаа нэрлэхэд таатай байна. Багийн бусад гишүүд мөн олон хүнийг тус тусдаа нэрлэх байх аа. Өвөрмонгол хүмүүсийн нийтлэг дүр төрх эсэхийг мэдэхгүй ч дээрх хүмүүсийн хувьд ахан дүүсийн сэтгэл, ажлын хариуцлага, уламжлал, түүх, удам угсаагаа мэдэх байдал нь хүндэтгэх сэтгэлийг эрхгүй төрүүлнэ. 1567 онд ...газар ... хүн ...үйл явдал болсон гэж тоочих энүүхэнд. Ижил мөрнөөс нүүж ирж чадаагүй торгуудуудын тухай дууг уяран дуулж, түүхийг ярихад өөрийн эрхгүй “ Бид ийм түүхийг хэр мэддэг билээ?” гэж өөрөөсөө асуухад хүргэсэн. Тэдний орчин цагийн хөгжлийн их урсгал дунд монгол соёл, уламжлал, хэлээ хойч үедээ уламжлуулан үлдээх чармайлт бахархмаар. Улсынхаа хууль дүрэм, нам засгийнхаа бодлогыг эрхэмлэн ажиллаж, зорилго тэмүүлэлтэй амьдарч байгаа нь алхам тутамд харагддаг.
Өвөр Монголын нутаг дэвсгэр учраас монгол сургууль, цэцэрлэг, хоолны газар  байхаас гадна уламжлалт цагаан идээ, мах шүүс, дээл хувцас гээд монгол маягийн юм худалдан авах боломж бас бий. Тос даасан ааруул хурууд, дарайсан өрөм, хайлуулсан шар тос хааяа амсахаар нутгаа санагалзах нь сэдэрдэг сэн. Хилээс нэлээд зайдуу учир монгол хүмүүс төдийлөн элбэг зорчдоггүй учраас биднийг сонирхон, элдэв асуулт асууж, Монголын тухай ихэд сонирхдог.
Их гүрний соёл, ёс журмыг даган нэг жил амьдрахдаа хэл, соёл өөр оюутнуудад хичээл зааж, шинэ туршлагаар аяны богцоо дүүргэж, өөртөө байдаг хэрнээ өмнө нь сайн анзаардаггүй байсан үнэт боломжуудаа олж харснаа болон шинээр  суралцсан зүйлсээ зах зухаас нь хуваалцая.
·         Тусгаар тогтнол гэдэг ямар их үнэ цэнтэй зүйл болохыг алхам тутамд мэдэрч байлаа. Улс орныхоо хөгжилд чадлын хэрээр хувь нэмэр оруулах сэтгэл өвөрлөн ирсэн.
·         Ардчилсан нийгмийн мөн чанар болоод өөрсдөө мэддэггүй, угаасаа тийм байсан юм шиг санадаг эрх чөлөөт амьдралын утга учрыг ухааруулж өгсөн. Хамгийн наад зах нь бидэнд ажлын байран дээрээ юу хийе гэж сэдсэнээ хаалт хориггүйгээр хийх боломж дүүрэн байна. Чөлөөтэй сэтгэх, үгээ хэлэх, санаа бодлоо хуваалцах, бодлого шийдвэрт саналаа өгөх гээд зөв зүйтэй эдлэн, хайрлан хамгаалж баймаар эрх бидэнд олон байна.
·         Өвлийн богино хугацаанд Улаанбаатарт нүүрсний утаанд хордохыг эс тооцвол бид цэнгэг агаар, цэвэр ус, эрүүл хоол идэж амьдардаг азтай улс гэдгээ ойлгосон. Зөвхөн энэ өгүүлбэрт дурдагдсан зүйлс хүний амьдралд ямар чухал билээ гээд бодохоор уншигч танд нэгийг бодогдуулж байгаа биз.
·         Хүн ам ихтэй улс орны хууль дүрэм, боломж гэдэг манайх шиг цөөн хүн амтай улсынхаас нэлээд өөр байдгийг ухаарлаа. Зарим зохицуулалт, дүрэм, журмыг нь “олон хүнтэй учраас ингэхээс өөр аргагүй” гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг.
·         Бид “Их монгол улсыг байгуулж явсан” гээд тэртээ 13-р зууны түүхээрээ хий бахархаад суух биш наад захын түүх, угсаа гарлаа мэдэж, үнэн зөвөөр нь хойч үедээ дамжуулан сургах ёстойг олж харсан. Энэ талаар Өвөр монгол ахан дүүсээс суралцмаар. Харчин ван Гүнсэнноровын ордон музейг үзээд, тухайн үед байгуулагдаж байсан охидын сургуулийн ном сурах бичиг, анги танхимыг цагийн салхинд хадгалж үлдсэн хичээл зүтгэлийг биширмээр. Наад зах нь бид маш олон орос үгийг эх хэл лугаа адил хэрэглэдгээ анзаарсан тул аль болох монгол хэлээрээ ярихыг хичээх хэрэгтэйг ухаарсан билээ.  
·         Тэнд хүн бүр ямар нэг зүйл бүтээдэг. Хотын үзэсгэлэн худалдаа болоход тэнд ирсэн хүмүүс дор бүрнээ авсаархан тоног төхөөрөмж ажиллуулан, ямар нэгэн зүйлийг бүтээж, түүнийгээ худалдаж байх жишээтэй. Хүн бүр жижиг ч гэсэн зүйл бүтээж байж улсын эдийн засаг хөгждөг байх. Нөгөө талаас хүн бүрийн оюун ухаан бүтээх түвшинд ажиллаж байгааг илтгэнэ.
·         Өнөө үед МХТ-ийн тусламжтайгаар хүний өдөр тутмын үйл хөдлөл, зан авир, хандлагыг хянан, удирдах боломжтой болсон гэдгийг мэдэрсэн. Замын хөдөлгөөний соёл, олон нийтийн газар биеэ авч явах байдал, ажил албаа гүйцэтгэх чанар гээд олон үзүүлэлт бүхий өгөгдлийн сан бүрдэж, түүнээс та бидний хариуцлага, хандлага бүгд нэвт харагдах цаг хаянд ирсэн. Social Credit System гэж та бүхэн сонссон байх аа. Мөн бүхий л төлбөр тооцоогоо утасны аппликэйшн ашиглан хийх нь цаанаа санхүүгийн хариуцлагынхаа талаар мэдээллийн санд бүртгэгдэж байгаа хэрэг.
Манай багийн хувьд ганзага нийлж, хамтарч сайхан ажилласныг бахархан дурдасу. Үлгэрлэн ажиллах профессор ах, хичээнгүйлэн зүтгэх номч 4 дүүгийнхээ түшиг нөмөрт эрүүл энх, амар амгалан, үүрэг зорилгоо биелүүлэн сайхан ажилласан. Тиймдээ ч бидний 6 багшийн нэгэн жилийн ажлын томилолт үр дүнтэй болж, багш бүр өөрийн ажилласан салбар сургууль дээрээ мэддэг чаддаг бүхнээ хуваалцаж, бас суралцаж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж ирсэн. Үүний нэг баталгаа нь сургуулийн захиргааны өргөтгөсөн хурлаар бидний ажлын тайланг сонсож, хэлэлцээд, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн хэмээн тус сургуулийн хүндэт профессор цол олгосон явдал юм. Хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан учраас цаашид хоёр сургуулийн эрдэм судлалын ажил тодорхой үр дүнд хүрэх сэтгэлийн ерөөл өргөн, Улаанхад хотыг гүйлс цэцэглэх цагаар нь дурссан тэмдэглэлээ өндөрлөе.
Д.Амарүвшин
2020.05.05



Saturday, June 15, 2019

Алдах эрхгүй он жилүүд


Ажлын томилолтоор энэ улиралд ажилласан сургуульдаа заасан хичээлүүд минь сургуулийн өмнөх боловсролтой холбоотой байлаа. Тэгээд ч угаасаа ажилладаг талбар минь бага боловсрол учраас сургуулийн өмнөх боловсролтой нягт холбоотой байдаг. Энэ явцад улам их ойлгосон зарим зүйлийг залуу эцэг эхчүүдтэй хуваалцмаар санагдлаа.
Эргэцүүлж тунгааж бодохоор хүүхдийн 6 нас хүртэлх он жилүүд  тун хариуцлагатай бөгөөд эцэг эхчүүд алдах эрхгүй юм. Учир нь хүүхэд цаашдаа ямар хүн болох, хэрхэн амьдрах нь эдгээр он жилүүдэд тодорхойлогдож байна. Үүнийг батлах 3 үндэслэлийг танилцуулъя:
·         Шинэ төрсөн хүүхдийн тархинд  100 их наяд мэдрэлийн эс байдаг бөгөөд 8 сартайгаас эхлээд тэр эсүүд нь цөөрч эхэлдэг гэнэ. Түүнээс хэдий хэр авч үлдэж чадсанаар тухайн хүний оюуны хөгжил хамаарна. Үүнийг Gordon Dryden, Jeannette Vos нарын бичсэн The Learning Revolution номноос уншиж болно. Олон удаа, олон хувь хэвлэгдсэн нэлээд алдартай ном бий.
·         Насанд хүрсэн хүний амьдралын туршид хэрэглэх чадварын 70% нь 6 нас хүртэл төлөвшдөг гэж үздэг байсан. Энэ талаар олон ном, судалгааны үр дүнгээс харж болно. Гэтэл сүүлийн үед тархи судлалын эрдэмтэд эхний 5 жил тархины хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, эхний 3 жил тархины бүтэц, эд эс хөгжиж бүрэлдэх ба 10 нас гэхэд цааш хөгжихгүйгээр, хөгжлийнхөө дээд цэгт хүрдэг гэжээ.  https://www.unicef.org/sowc01/1-2.htm
·         Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд хөрөнгө оруулбал 15-17 дахин үр ашиг өгдөг гэж АНУ-ын Нобелийн шагналт эдийн засагч James Heckman хэлсэн байна. Тэрээр энэ дүгнэлтийг гаргахдаа сургуулийн өмнөх боловсролд 4 үндсэн чиглэлээр урт хугацааны судалгаа хийж, түүний үр дүнд эдийн засгийн шинжилгээ хийсэн байна.

Энэ мэт үр дүнг та интернет болон хүүхдийн хөгжлийн тухай номноос хялбархан олж уншиж болно. Одоо тэгэхээр эцэг эх юу хийх вэ? гэдэг нь чухал байна. 0-3 нас хүртэл ихэнх хугацааг эцэг эхийн гар дээр бойжих учир тэд хүүхдийн оюуны хөгжилд маш чухал үүрэгтэй. Мэдээж үр хүүхдээ анхаарах нь тодорхой. Гэвч өнөө цаг үед МХТ, цахим хэрэгсэл, завгүй ажил гээд хүүхэддээ зарцуулах цагийг хумслах зүйл мундахгүй. Эцэг эхчүүдийн хувьд маш энгийн, хийхэд хялбар хэрнээ хожим маш чухал өгөөжтэй зарим зүйлийг орхигдуулахгүй байх хэрэгтэй байна. Хүүхдээ энхрийлэн тэврэх,  байнга ярилцах (ойлгохгүй ч гэсэн), ном уншиж өгөх, хамт ном үзэх, шулганах яриаг нь тэвчээртэй сонсох, хамт тоглох гэх мэтийг нэрлэж байгаа хэрэг. Мэдээж эрүүл өсгөх, хоол хүнс, шим тэжээлээр хангах, хайрлах, амар амгалан байлгах нь угаасаа эцэг эхчүүдийн хамгийн сайн биелүүлдэг үүрэг юм. Орон байр, унаа машины төлөө завгүй зүтгээд тэрийгээ худалдаж авсан ч үр хүүхэд нь олигтой сурахгүй, амьдрахгүй  бол тэдгээр худалдаж авсан зүйлийн хэрэг байх болов уу?