Sunday, May 11, 2025

Ирээдүйн эздийг хамгийн сайнаар хөгжүүлэх нь...

 


Доктор Намралын Норжхорлоогийн бичсэн “Бидний хүүхэд шинэ зуунд” номыг уншаад, зохиогчийн судалгаанд суурилсан, олон жилийн туршлага, эргэцүүлэл дээрээ тулгуурласан онч санаануудыг энгийн үгээр олж хараад, “Монгол судлаачийн оюуны бүтээл болжээ” гэсэн бахархал төрснөө дурдаад, тэмдэглэлээ эхэлье.

Хүний амьдралын хамгийн чухал нас бол эхийн хэвлийд бүрэлдэхээс 7 нас хүртэлх үе гэж олон судлаачид дуу нэгтэй зөвшөөрч байна. Хүн амьдралын туршид хэрэглэх чадварын 70 хүртэлх хувийг 7 хүртэлх насандаа олж авдаг. АНУ-ын судлаач Жеймс Хэкманы хийсэн урт хугацааны судалгаагаар  боловсролд зарцуулсан хөрөнгө оруулалтын үр ашиг хүүхдийн нас бага байх тусам өндөр байдаг гэж гарсан байдаг. Боловсролын чанараар тэргүүлэгч орнуудын туршлагаас харахад үр  хүүхэддээ маш их цаг зарцуулж, анхаардаг. 2016 онд Финландад очиход хотын гудам, тэнгисийн эрэг дээр хаа сайгүй хамт дугуй унаж байгаа, ярилцаж байгаа, ном уншиж өгч байгаа гэх мэтээр хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь мэдэгдэхүйц их байсан. Япон ээжүүд хүүхэдтэй болоод ажлаасаа гарах нь хэвийн үзэгдэл байдаг. Бид харин сүүлийн үед хүүхэдтэйгээ ярилцахгүй, цахим сүлжээний мэдээлэлд цаг наргүй толгойгоо уячихсан биш биз? Үүний нэг илрэл бол сүүлийн үед 1-р ангид хэл харилцааны бэрхшээлтэй, зарим тохиолдолд “Нөү” хэмээн орилохоос өөр үг хэлдэггүй хүүхэд нэлээд ирж байна. Цахим сүлжээ дээрх багш нарын бүлгэмд энд дурдсантай адил хэлд ороогүй хүүхэд ирж байгаа эсэхийг асуутал “4-5 байна”, “хэл яриа, зан төлөвийн хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд жилээс жилд нэмэгдэж байна”, “3-р анги хүрсэн ч ярихгүй байна” гэх мэт олон хариулт иржээ. Төсөөлснөөс олон санагдсан.

“Бидний хүүхэд шинэ зуунд” ном нь “Үнэт зүйлээ хүүхдэд багаас нь өвлүүлэхүй” гэсэн дэд гарчигтай бөгөөд энэхүү дэд гарчиг нь номонд өгүүлэх гол санаа ажээ. Бидэнд хамгийн үнэтэй зүйл болон үнэт зүйлсийг хооронд нь хольж ойлгох явдал бий. “Таны үнэт зүйл юу вэ?” гэвэл “Миний үнэт зүйл бол миний гэр бүл” гэж хариулах хүн олон таарах вий. Тэгвэл үнэт зүйл нь хувь хүний үнэлэмж, итгэл үнэмшилд суурилсан,  сэтгэл зүрхэнд шингэсэн,  сайн сайхан амьдралд үнэ цэнэ өгдөг, өөрийгөө  авч явах, ажил амьдралдаа аливаа шийдвэр гаргахад баримталдаг зарчим гэж тодорхойлжээ. (Хуудас 55). Тодорхойлолтоос харахад хүмүүсийн хоорондын гол ялгаа үнэт зүйл нь ямар вэ гэдгээс шалтгаалдаг ажээ. Үнэт зүйлсээ хүүхэддээ эзэмшүүлэх нь бидний зорилго гэлтэй.

 Уг ном 6 бүлэгтэй. Үүнд:

1.      Нийгмийн өөрчлөлт ба 21-р зуун

2.      Боловсролын цөм нь үнэт зүйл

3.      Хүүхдэд үнэт зүйлийг өвлүүлэх нь

4.      Чадамжид суурилсан боловсрол түүнийг хэрэгжүүлэх нь

5.      Бага насны хүүхдийн хөгжил төлөвшлийн үнэлгээ

6.      Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээ

Бүлэг бүрийн эхэнд нь товч агуулгыг тодорхойлж, тухайн сэдвийн онолын үндэс, түүнийг монгол хөрсөнд буулгасан тусгалыг бичиж, судалгааны үр дүн, статистик тоо баримтаар баталгаажуулж, төгсгөлд нь эцэг эх нь үр хүүхэддээ, багш нь шавьдаа хэрхэн зөв зүйлсийг төлөвшүүлэхийг зөвлөсөн нь номын хэрэглээг амьдралд тусгахаар болгожээ. Мэдээж хүн төрөлхтний эдүгээ хүртэл олж мэдсэн чухал зүйлс олон ч түүнийг хэрхэн ирээдүй үедээ эзэмшүүлэх арга зам нь тодорхойгүй байдаг бол энэхүү ном үүнийг л тодорхой болгож өгснөөрөө багш, эцэг эхчүүдэд тус болох юм.

             Надад хамгийн их таалагдсан  зүйлс бол

·        Онол, нэр томьёог хялбаршуулан тайлбарласан нь тун ойлгомжтой. Тухайлбал, чадамжийг машин жолоодох үйл явцад буулгаж тайлбарласан байна, (Хуудас124). Замын хөдөлгөөний дүрэм,  машины ажиллах зарчим, эд анги, тэдгээрийн зориулалт зэргийн мэдлэг, анхаарлаа хуваарилах,  замдаа хурд, хүчийг тохируулах зэрэг чадвар,  дүрэм баримтлах,  тэвчээртэй байх зэрэг нь хандлага бөгөөд эдгээрийн аль нэг нь хангалтгүй  бол машин жолоодогчийн амь эрсдэх, бусдыг хохироох,  эсвэл машинаа огт хөдөлгөж чадахгүй. Энэ жишээ “Чадамж нь мэдлэг, чадвар, хандлага, зан үйлийн нэгдэл” гэсэн хуурай тодорхойлолтыг амилуулж чаджээ. Мөн явцын болон үр дүнгийн үнэлгээг хэрхэн ойлгохыг буулгасан жишээ бүхий зүйрлэлийг шигтгэжээ. “Тогооч шөлийг амталж үзэх нь явцын үнэлгээ, үйлчлүүлэгч шөлийг амтлах нь үр дүнгийн үнэлгээ юм” хэмээн хэлсэн Paul Black -ийн зүйрлэл нь явцын болон үр дүнгийн үнэлгээг ялгаж ойлгоход мөн ч дөхөм болгожээ. (Хуудас 197).

·        Хүүхдэд багаас нь үнэт зүйл өвлүүлэх арга зүйг тодорхой жишээгээр тайлбарласан. Тухайлбал, хүүхэддээ хариуцлагатай байхыг орой цагтаа унтаж сурах, шударга байхыг олсон зүйлээ эзэнд нь өгөх, хүлээцтэй байхыг гэрийн эсвэл ангийн дүрэм баримтлахад сурах гэх мэт санаа олныг тусгажээ.  Үнэт зүйлс хэрхэн илэрдгийг мэдэх нь түүнийг хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллах нөхцөл болно.

·        Баталгаатай эх сурвалжаас авсан маш олон мэдээлэлтэй. Голдуу олон улсын байгууллагуудын зөвлөмж, судалгааны тайлан, үндэсний болон олон улсын томоохон судалгааны байгууллагуудын сүүлийн үеийн мэдээлэл, тоо баримтуудыг ашигласан. Уншсан хүн өөрөө лавшруулж судлах  боломжтой хэрнээ  мэдэж, ашиглаж баймаар эх сурвалжууд байх ажээ.

·        Бодит кейс тохиолдлууд олноор оруулсан ажээ. Цэцэрлэгийн багш нар, мэргэжлийн хүмүүс,  бяцхан хүүхдүүд, салбарын голлох эрдэмтэд, эцэг эхчүүдийн бодит кейс оруулж өгсөн нь номыг ойлгомжтой болгожээ.

·        Эшлэл, ашигласан эх сурвалж арвин. Зөвхөн ном зүй гэхэд 13 нүүр ажээ. Герман, англи хэлээр бичигдсэн эх сурвалжууд олныг ашиглажээ.  Монгол хэлээр тухайн  чиглэлээрх судалгааны ажлууд,  бодлогын баримт бичгүүд тун оновчтой сонгогджээ.

Энэ мэт олон бүтээлч эргэцүүлэл хийх боломж байна.

           Боловсрол судлал, хүний хөгжлийн онол, судалгааны үр бүх хүнд хамаатай. Учир нь бүгдэд үр хүүхдээ өсгөх, төлөвшүүлэх, тэднийг хамгийн сайнаар хөгжүүлэх, бусдыг хайрлах зүрх сэтгэлтэй болгох, үнэт зүйлтэй, түүнээ эрхэмлэдэг болгох  хэрэгцээ байж таарна. Тиймээс энэхүү номыг хүн бүхэн уншаасай.

         Би өөрийн бодлыг тулгахгүйгээр, таныг өөрөө уншин өөрийнхөөрөө тунгаахыг хүсье.

2023-07-17

Иссык куль