1990 оны ардчилсан хувьсгалын жил бид 10-р ангиа
төгссөн юм. Манай ангийнхан аймгийн номын санд ном их уншдаг бөгөөд тэр жил 10-р
ангиа төгсөх учир халуун намраар бүх шалгалтынхаа билетийг боловсруулан
(Төгсөх ангид тодорхой хичээлүүдээр
урьдчилан гаргасан асуултын дагуу тусгай дэвтэр дээр бүх асуултад хариулж бичиж
авахыг билет боловсруулах гэдэг байв. Шалгалт дээр тэдгээр билетнээсээ сугалаад
асуултуудад хариулаад дүн авдаг байв. Нэг шалгалт 30-35 орчим билеттэй. Билет
бүр 3-4 асуулт, даалгавартай байсан.) бэлтгэж эхэлсэн сэн. Тэр намар би Нийгэм судлал хичээлийн 35 асуултын
дагуу билетээ тухайн үеийн 5 төгрөгний саарал дэвтэр дүүртэл бичиж боловсруулж
авлаа. Дараа нь монгол хэл, уран зохиол, тэгээд орос хэл гээд боловсруулсан
билээ. 12-р сарын нэг өдөр дотны найз Амартогтохтойгоо номын сангаас гараад
гудам уруудаад явж байтал манай ангийн нэг хүү тааралдлаа. Түүний нүд нь орой
дээрээ гарчихсан “Аюушийн талбай дээр БАТМӨНХ ОГЦОР гээд хүмүүс улаан даавуу
толгойдоо боогоод жагсаал хийж байна. Хурдан гэр рүүгээ яв” гэж шавдуулж билээ.
Тэр найзынхаа тухайн үеийн нүдний харцыг одоо хүртэл мартдаггүй юм. Хоёулаа Ард
Аюушийн талбай руу явах гэснээ харихаар шийдэж, бушуухан гэр рүүгээ явсан. Явж
байх зуур нэг л айдас төрөөд нуруу хүйт даагаад байж билээ. Бидний үед анх удаа
тийм үйл явдал болсон учраас зөвхөн бид төдийгүй бүх хүн түгшиж, цочирдож
хүлээж авсан. Түүхийн гэрч болсон хэрэг. За тэгээд маргаашнаас нь эхлээд бид ангидаа
хоорондоо маргах, улс төрийн сэдвээр ярилцах, залуухан багш нараасаа тэдний
үзэл бодлыг нь сонсчих санаатай асуулт асуух, элдэв гар дамжин тараагдаж байгаа
ном товхимол унших зэргээр ардчиллыг хүлээж авч байлаа. Хамгийн их хөдөлмөр
гаргасан Нийгэм судлал хичээлийн билет маань хэрэггүй болсон юм. Ийм цаг үед
ЕБС-иа төгсөж байжээ.
Тэр цаг үеийн 17-18 настай бидний хувьд одоо
эргээд бодоход хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл бол өмнө нь “Тийм мэргэжил
эзэмшинэ, тийм хүн болно” гэж төсөөлж байсан бүх зүйл хэдхэн сарын дотор нурж
унасан явдал юм. 17 настай би лав юу мөрөөдөхөө мэдэхгүй байжээ. Англи хэл
сурах хэрэгтэй гэсэн ойлголт арай эхлээгүй, ямар мэргэжил эзэмшиж, хэрхэн
амьдрах боломж байгаа талаар ямар ч ойлголт төсөөлөл байхгүй болсон. ЮУ
МӨРӨӨДӨХӨӨ МЭДЭХГҮЙ БАЙСАН. Магадгүй ах эгч нь тухайн үед гадаадад сурч байсан,
арай мэдээлэл ихтэй байсан хүүхдүүдэд тодорхой төсөөлөл байсан байх. Надад лав
ямар ч төсөөлөл байхгүй байсан. Үеийн нөхдөөс маань тэр үеэс эхлээд гахай үүрч,
зах дээр зогсож наймаа худалдаа эрхэлсэн нь зөндөө. Бас л над шиг яахаа мэдэхээ
байчихаад тухайн үед ашиг орлоготой санагдаад тийм ажил эрхэлсэн хэрэг. За
тэгээд картын бараа, өмч хувьчлал, зах зээлийн эдийн засаг гээд өнөөдрийн энэ
үед хүртэл алдаж оносон бүх цаг үед бидний залуу нас, ажиллах ид нас өнгөрч
байна. Ёстой салхины аясаар хийсэж яваад одоогийн амьдралаараа амьдарч яваа
байх. Манай үеийнхэн дотор нугачаа ихтэй замаар мацаж, яг одоогийнхоо кареерт
хүрсэн нь олон доо. Газар өмчилж аваад тэндээ мод тарьж болно гэдэг ойлголт ч
сэтгэлд багтдаггүй байсан үе. Банкнаас зээл авна гэдгийг бүр мэдэхгүй.
Гуравдагч оронд сурч болно гэж санаанд ч багтахгүй байсан даа.
Энэ бүхнийг яагаад бодов гэхээр хүний залуу насанд
мөрөөдөл нь тодорхой байх их чухал хүчин зүйл юм шиг санагдах юм. Одоо
хүүхдүүдийн мөрөөдлийг сонсохоор энэ бодол улам лавширдаг. Хэдийгээр залуу
насандаа цагийн салхинд ийнхүү төөрсөн ч одоо хэрнээ мөрөөдөл тээсээр явна. Зөндөө
олон мөрөөдөл тээж явсаар заримыг нь биелүүлсэн ч байна. Гэхдээ ямх ямхаар
урагшилжээ. Яг одоогийн мөрөөдөл нь юу гэж үү? Сүүлийн үед “Олон хүнд туслах
боломжтой болох юм сан” гэж мөрөөдөж байна. Ялангуяа олон хүүхдэд боломж бий
болгож өгөх сөн. Үүрээд хүргээд өгөхгүй ч зөв замыг зааж өгөх юм сан. Хийж
байгаа ажил маань миний мөрөөдлийг
биелүүлэхүйц ажил даа. Сайн бага ангийн багш бэлтгэвэл тэд олон олон хүүхдийн
ирээдүйг гэрэлтүүлнэ. Бас тэд маань хариуцлагатай, зөв эцэг эх болвол тэдний үр
хүүхэд хайраар дутахгүй өсөж зөв хүмүүс болно. Мөрөөдлийн хүч их шүү. Мөрөөдлөө
биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх нь зорилгоо чиглэн
(goal-oriented) ажиллаж, амьдарч
байгаа хэрэг. Мөрөөдөл хөгшрөхгүй.