
Улаанхад хотод нийтийн соёл, үйлчилгээ маш
сайн хөгжсөн бөгөөд хүний төлөө хийсэн олон шийдлийг хотын хаанаас ч харж
болно. Нийтийн ариун цэврийн өрөө, автобусны буудал, хоолон гэр, банкны
үйлчилгээ гээд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг тусган
сайжруулсан үйлчилгээ нь Вичат (wechat)-ийн боломжтой нэгдэн, өдрөөс өдөрт хөгжиж байна.
Худалдаа үйлчилгээний
газар өдрийн од шиг цөөн монгол хүн таарах бөгөөд ерөнхийдөө Хятад хотод явж
байгаа мэдрэмж төрнө. Гэвч улсын бодлогоор бүх байгууллага монгол бичгээр хаягаа
бичсэн байдаг.
Улаанхад хотын бас нэгэн
гайхамшигт орчин бол хотын цэцэрлэгжүүлэлт юм. Надад хамгийн сайхан санагдсан
зүйл бол борооны дараах арцны үнэр байсан. Гудамж талбайд тарьсан бүхэн
цэцэглэж, үр жимс нь алаглан байх нь сэтгэл баясгана.
Удахгүй суман галт тэрэг зорчих зам барилгын ажил
өрнөж, хүн зон нь тэрхүү хурдан галт тэрэгний замаар цахилан ирэх хөгжил
дэвшил, өөрчлөлтийг таамаглан ярилцах нь олонтоо. Хурдан галт тэрэг Улаанхад
хотоос Бээжин хүрэхэд 40 гаруй минут явах учраас энэ хотын амьдрал нэлээд
өөрчлөгдөх байх даа. Биднийг байх үеэр Хөх хотод анхны хурдан галт тэрэг
зорчиж, холыг ойртуулж, хөгжлийг хурдасгаж байгаа тухай мэдээллийн сувгуудаар
хэдэн өдөр шуугисан.
Улаанхад дээд сургууль бол монгол түүх, соёлын
судалгааг дэмжин, олон судалгааны төв байгуулж ажилладаг. Шар мөрний судалгааны
төв, Цахар судлалын төв гэх мэт. Мэргэжилтэн бэлтгэх бааз сайн бэлтгэгдсэн нь номын
сан, дадлагын лабораториуд, туршилтын танхим, биеийн тамирын зориулалтын талбай
зэргээс илэрхий байдаг.
Өвөр Монголын нутаг дэвсгэр учраас монгол
сургууль, цэцэрлэг, хоолны газар байхаас
гадна уламжлалт цагаан идээ, мах шүүс, дээл хувцас гээд монгол маягийн юм
худалдан авах боломж бас бий. Тос даасан ааруул хурууд, дарайсан өрөм,
хайлуулсан шар тос хааяа амсахаар нутгаа санагалзах нь сэдэрдэг сэн. Хилээс
нэлээд зайдуу учир монгол хүмүүс төдийлөн элбэг зорчдоггүй учраас биднийг
сонирхон, элдэв асуулт асууж, Монголын тухай ихэд сонирхдог.
Их гүрний соёл, ёс журмыг даган нэг жил амьдрахдаа
хэл, соёл өөр оюутнуудад хичээл зааж, шинэ туршлагаар аяны богцоо дүүргэж, өөртөө
байдаг хэрнээ өмнө нь сайн анзаардаггүй байсан үнэт боломжуудаа олж харснаа
болон шинээр суралцсан зүйлсээ зах
зухаас нь хуваалцая.
·
Тусгаар
тогтнол гэдэг ямар их үнэ цэнтэй зүйл болохыг алхам тутамд мэдэрч байлаа. Улс
орныхоо хөгжилд чадлын хэрээр хувь нэмэр оруулах сэтгэл өвөрлөн ирсэн.
·
Ардчилсан
нийгмийн мөн чанар болоод өөрсдөө мэддэггүй, угаасаа тийм байсан юм шиг санадаг
эрх чөлөөт амьдралын утга учрыг ухааруулж өгсөн. Хамгийн наад зах нь бидэнд
ажлын байран дээрээ юу хийе гэж сэдсэнээ хаалт хориггүйгээр хийх боломж дүүрэн
байна. Чөлөөтэй сэтгэх, үгээ хэлэх, санаа бодлоо хуваалцах, бодлого шийдвэрт
саналаа өгөх гээд зөв зүйтэй эдлэн, хайрлан хамгаалж баймаар эрх бидэнд олон байна.
·
Өвлийн
богино хугацаанд Улаанбаатарт нүүрсний утаанд хордохыг эс тооцвол бид цэнгэг
агаар, цэвэр ус, эрүүл хоол идэж амьдардаг азтай улс гэдгээ ойлгосон. Зөвхөн
энэ өгүүлбэрт дурдагдсан зүйлс хүний амьдралд ямар чухал билээ гээд бодохоор
уншигч танд нэгийг бодогдуулж байгаа биз.
·
Хүн
ам ихтэй улс орны хууль дүрэм, боломж гэдэг манайх шиг цөөн хүн амтай улсынхаас
нэлээд өөр байдгийг ухаарлаа. Зарим зохицуулалт, дүрэм, журмыг нь “олон хүнтэй
учраас ингэхээс өөр аргагүй” гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг.
·
Бид
“Их монгол улсыг байгуулж явсан” гээд тэртээ 13-р зууны түүхээрээ хий бахархаад
суух биш наад захын түүх, угсаа гарлаа мэдэж, үнэн зөвөөр нь хойч үедээ
дамжуулан сургах ёстойг олж харсан. Энэ талаар Өвөр монгол ахан дүүсээс
суралцмаар. Харчин ван Гүнсэнноровын ордон музейг үзээд, тухайн үед
байгуулагдаж байсан охидын сургуулийн ном сурах бичиг, анги танхимыг цагийн
салхинд хадгалж үлдсэн хичээл зүтгэлийг биширмээр. Наад зах нь бид маш олон
орос үгийг эх хэл лугаа адил хэрэглэдгээ анзаарсан тул аль болох монгол
хэлээрээ ярихыг хичээх хэрэгтэйг ухаарсан билээ.
·
Тэнд
хүн бүр ямар нэг зүйл бүтээдэг. Хотын үзэсгэлэн худалдаа болоход тэнд ирсэн
хүмүүс дор бүрнээ авсаархан тоног төхөөрөмж ажиллуулан, ямар нэгэн зүйлийг
бүтээж, түүнийгээ худалдаж байх жишээтэй. Хүн бүр жижиг ч гэсэн зүйл бүтээж
байж улсын эдийн засаг хөгждөг байх. Нөгөө талаас хүн бүрийн оюун ухаан бүтээх
түвшинд ажиллаж байгааг илтгэнэ.
·
Өнөө
үед МХТ-ийн тусламжтайгаар хүний өдөр тутмын үйл хөдлөл, зан авир, хандлагыг
хянан, удирдах боломжтой болсон гэдгийг мэдэрсэн. Замын хөдөлгөөний соёл, олон
нийтийн газар биеэ авч явах байдал, ажил албаа гүйцэтгэх чанар гээд олон
үзүүлэлт бүхий өгөгдлийн сан бүрдэж, түүнээс та бидний хариуцлага, хандлага
бүгд нэвт харагдах цаг хаянд ирсэн. Social Credit System гэж та бүхэн сонссон байх аа. Мөн бүхий л төлбөр
тооцоогоо утасны аппликэйшн ашиглан хийх нь цаанаа санхүүгийн хариуцлагынхаа
талаар мэдээллийн санд бүртгэгдэж байгаа хэрэг.
Д.Амарүвшин
2020.05.05