Ажлын томилолтоор энэ улиралд ажилласан
сургуульдаа заасан хичээлүүд минь сургуулийн өмнөх боловсролтой холбоотой
байлаа. Тэгээд ч угаасаа ажилладаг талбар минь бага боловсрол учраас сургуулийн
өмнөх боловсролтой нягт холбоотой байдаг. Энэ явцад улам их ойлгосон зарим зүйлийг
залуу эцэг эхчүүдтэй хуваалцмаар санагдлаа.
Эргэцүүлж тунгааж бодохоор
хүүхдийн 6 нас хүртэлх он жилүүд тун
хариуцлагатай бөгөөд эцэг эхчүүд алдах эрхгүй юм. Учир нь хүүхэд цаашдаа ямар
хүн болох, хэрхэн амьдрах нь эдгээр он жилүүдэд тодорхойлогдож байна. Үүнийг батлах
3 үндэслэлийг танилцуулъя:
·
Шинэ төрсөн хүүхдийн тархинд 100 их наяд мэдрэлийн эс байдаг бөгөөд 8
сартайгаас эхлээд тэр эсүүд нь цөөрч эхэлдэг гэнэ. Түүнээс хэдий хэр авч үлдэж
чадсанаар тухайн хүний оюуны хөгжил хамаарна. Үүнийг Gordon Dryden, Jeannette Vos нарын бичсэн The Learning Revolution номноос уншиж болно. Олон
удаа, олон хувь хэвлэгдсэн нэлээд
алдартай ном бий.
·
Насанд
хүрсэн хүний амьдралын туршид хэрэглэх чадварын 70% нь 6 нас хүртэл төлөвшдөг
гэж үздэг
байсан. Энэ талаар олон ном, судалгааны үр дүнгээс харж болно. Гэтэл сүүлийн
үед тархи судлалын эрдэмтэд эхний 5 жил тархины хөгжилд шийдвэрлэх үүрэг
гүйцэтгэж, эхний 3 жил тархины бүтэц, эд эс хөгжиж бүрэлдэх ба 10 нас гэхэд цааш
хөгжихгүйгээр, хөгжлийнхөө дээд цэгт хүрдэг гэжээ. https://www.unicef.org/sowc01/1-2.htm
·
Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд хөрөнгө
оруулбал 15-17 дахин үр ашиг өгдөг гэж АНУ-ын Нобелийн шагналт эдийн засагч James
Heckman хэлсэн байна. Тэрээр энэ
дүгнэлтийг гаргахдаа сургуулийн өмнөх боловсролд 4 үндсэн чиглэлээр урт хугацааны судалгаа
хийж, түүний үр дүнд эдийн засгийн шинжилгээ хийсэн байна.
Энэ мэт үр дүнг та интернет болон хүүхдийн хөгжлийн тухай
номноос хялбархан олж уншиж болно. Одоо тэгэхээр эцэг эх юу хийх вэ? гэдэг нь
чухал байна. 0-3 нас хүртэл ихэнх хугацааг эцэг эхийн гар дээр бойжих учир тэд
хүүхдийн оюуны хөгжилд маш чухал үүрэгтэй. Мэдээж үр хүүхдээ анхаарах нь
тодорхой. Гэвч өнөө цаг үед МХТ, цахим хэрэгсэл, завгүй ажил гээд хүүхэддээ
зарцуулах цагийг хумслах зүйл мундахгүй. Эцэг эхчүүдийн хувьд маш энгийн,
хийхэд хялбар хэрнээ хожим маш чухал өгөөжтэй зарим зүйлийг орхигдуулахгүй байх
хэрэгтэй байна. Хүүхдээ энхрийлэн тэврэх, байнга ярилцах (ойлгохгүй
ч гэсэн),
ном уншиж өгөх, хамт ном үзэх, шулганах яриаг нь тэвчээртэй сонсох, хамт тоглох
гэх мэтийг нэрлэж байгаа хэрэг. Мэдээж эрүүл өсгөх, хоол
хүнс, шим тэжээлээр хангах, хайрлах, амар амгалан байлгах нь угаасаа эцэг
эхчүүдийн хамгийн сайн биелүүлдэг үүрэг юм. Орон байр, унаа машины төлөө завгүй
зүтгээд тэрийгээ худалдаж авсан ч үр хүүхэд нь олигтой сурахгүй,
амьдрахгүй бол тэдгээр худалдаж авсан
зүйлийн хэрэг байх болов уу?