Өөдөөс минь
ялдамхан инээмсэглэх энэ бүсгүйн бичсэн Becoming Миний түүх номыг
уншаад онцгой сэтгэгдэл төрж, эгэл жирийн хэрнээ хосгүй эрхэмсэг түүний тухай өөрийн
эрхгүй энэхүү тэмдэглэлийг бичив. Өнөө цагийн боловсролтой эмэгтэй юу хийж
бүтээх боломжтойг өөрийн амьдралаараа батлах харуулсан тэрээр хүний амьдралын
утга учир хэчнээн энгийн бөгөөд чухал болохыг өгүүлжээ. Үнэхээр түүний хэлснээр
“сайн ээж байх, сайн хань байх” гэдэг нь 300 гаруй сая хүнтэй АНУ-ыг удирдахтай
дүйцэх хариуцлага аж. Түүний үлгэрлэлээр ээж бүр гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө
ухаан зарж чадсанаар л улс орон хөгжиж, хүчирхэгждэг юм шиг санагдлаа. Монголын
минь хувьд ч гэсэн хөгжлийн гарц нь гэр бүл бүр сайхан амьдарч, хүүхэд бүр
эрүүл өсч, сайхан боловсрол эзэмших явдал юм. Тиймээс ээж бүрийг өрх гэрийнхээ
тэргүүн хатагтай байгаасай, их гүрний тэргүүн хатагтайн ухаан бодол, аж
амьдралын түүхээс суралцаасай хэмээн энэхүү тэмдэглэлээ та бүгдэд хүргэж байна.
Мишелийн
амьдралын болоод хувийн үнэт зүйлийн томоохон тулгуур багана нь түүний төрж
өссөн гэр бүл ажээ. Түрээсийн байранд амьдардаг боловч үр хүүхдээ сайн хүн
болгон хүмүүжүүлэхийн төлөө бүхнийг зориулсан эцэг эх нь бие биендээ хайртай,
зөв хандлагатай, хөдөлмөрч хүмүүс байжээ. Түүний эцгийн хөдөлмөрч, хүүхдүүдээ
дэмждэг чанар, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ухаан, тууштай үзэл бодол
нь хүүхдүүдээ урамшуулж, сонирхлыг нь хөгжүүлж, зорилготой байлгаж, гэр бүлийн
аз жаргалыг мэдрүүлж чаддаг байжээ. Наад зах нь хүүгийнхээ сагсан бөмбөгийн
тэмцээнийг үзэхээр өчнөөн км туулан очдог байсан нь, өөрөө эцэг эхээ асарч
тойлон эргэж тойрдог байсан нь, урлагийн мэдрэмжтэй байсан нь, шүд зуун өвчнөө
тэсвэрлэж, нэг ч цагийн алдалдалгүй ажилладаг байсан нь үүнийг батална. Надад
хамгийн таалагдсан зүйл бол ноён Робинсоны машинаа хэрхэн зөв эдэлж, учир утгыг
нь байж болох хамгийн зөвөөр амьдралдаа хэрэгжүүлсэн нь юм. Магадгүй шинэ загварын
хэдэн мянган долларын машины гүйцэтгэж чадаагүй зүйлийг түүний арчилж тордож
унасан унаа нь бүтээж чадсан. Тэр унаагаараа хүүхдүүдийнхээ мөрөөдлийг бүтээж,
дэлхийд нэртэй их сургуулиудад хүргэж өгсөн. Харин хатагтай Робинсон үнэхээр
сайн ээж байж чаджээ. Мишелийн амьдралын нэгэн аз завшаан бол ээжийнх нь
хөөцөлдсөнөөр шинээр нээгдсэн онцгой сайн сурдаг хүүхдүүдийн ангид суралцаж,
суурь боловсролоо чанартай эзэмшсэн явдал юм. Барак Обамаг нэр дэвших,
сонгуульд ялах, хожим ерөнхийлөгчөөр ажиллах, охидоо хүмүүжүүлэх гээд
амьдралынх нь туршид Мишелийн ээжийн үүрэг тун их байжээ. Сайн ээжийнхээ тусаар
олон бэрхшээл, үүрэг хариуцлагаа давсан бөгөөд түүнийгээ номондоо нэлээд дурдсан байна. Мишелийн
хүүхэд нас Чикаго хотын Саут сайдад аз жаргалтай өнгөрсөн үндсэн шалтгаан нь
түүний эцэг эх хоёрын үр хүүхдээ сонсдог, сэтгэл зүрхээ зориулан цаг гаргадаг,
гэр бүлийн эерэг дулаан уур амьсгал байжээ. Амжилт бүрийг нь ойр зуурын хоол
захиалаад ч болов тэмдэглэж, ангид болсон үйл явдлыг нь тэвчээртэй сонсож,
сонголтоо өөрсдөө хийх боломжийг олгож
байснаар хожмын улс орны тэргүүн хатагтайг төлөвшүүлжээ. Монголын минь
гэр бүлүүд үүнийг бас хэрэгжүүлээсэй билээ. Хүүхдээ сонсдог, итгэл найдвар
өгдөг, урамшуулдаг, хайрыг мэдрүүлдэг байх нь том бизнес, ашиг орлого, эд
хөрөнгө өвлүүлснээс илүү юм даа.
Мишелийн хувьд
өөрийнх нь бүтээсэн үнэт зүйл бол түүний боловсрол ажээ. Жаахан охин байхдаа
суусан нагац эгчийнхээ төгөлдөр хуурын хичээлээс эхлээд шат бүрд зорилго
дэвшүүлэн түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөжээ. Зорилго дэвшүүлж, түүн
рүүгээ бүгдийг чиглүүлэн ажилласан нь эрэгтэй эмэгтэй, хар цагаан, баян ядуу
байхаас үл хамааран хүний өөрийн дотоод хүч хэмээх шавхагдашгүй нөөцийг
дайчилсан хэрэг. Тэр чанараараа тэргүүн хатагтай байх хугацаандаа боловсролыг
эрхэмлэх үзэл санаа бүхий ажлуудыг улс орон даяар өрнүүлж байсны нэг нь
коллежид элсэх өдрийг баярын өдөр болгосон явдал юм. Обамаг анхны удаа
сонгогдоход сурвалжлагч Мишелиэс тэргүүн хатагтай болоод юу хийхийг асуухад “сайн
ээж байх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэж хариулсан нь нөгөө энгийн хэрнээ агуу хариулт байж, түүнд хүрэх
амаргүйг ард түмэндээ сануулсан явдал байлаа. Түүний тэргүүн хатагтайн хувиар
хэрэгжүүлсэн “Алив хөдөлцгөөе”, “Охидод боловсрол эзэмшүүлцгээе”, “Илүү өндөрт
хүр”, “Хүчээ нэгтгэе” зэрэг төслүүд нь сонсоход энгийн боловч цаана маш
тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг судалгааны үндсэн дээр тогтоож, шийдлийг
нь өдөр тутмын амьдралын хэвшил болгон өөрөө үлгэрлэн харуулснаараа онцлог
байсан. Тэдгээр төслүүдийн шалтгаан нь Америк хүүхдүүдийн хэт таргалалт, шим
тэжээлийн дутагдал, өнгөн дээрээ үл үзэгдэх арьс өнгө болоод хүйсээр ялгаварлах
үзэл, гэм зэмгүй хүүхдүүдийг сургууль дээр буудах, бусад улсад явуулж буй
цэргийн үйл ажиллагаа зэрэг түрэмгийлэл байсан бол үр дүн нь улс орны ирээдүй
болсон хүүхдүүдийн хоол хүнсний шим тэжээл, жендерийн болоод нийгмийн тэгш
байдал, дайн дажингүй энх амгалан, өндөр боловсрол зэргээр өнөөдөр ч цасан бөмбөлөг
шиг улам эрчээ аван нэмэгдсээр байна. Үнэхээр өөрсдийн эргэн тойрон дахь
томоохон асуудлыг ултай суурьтай судлан илрүүлж, шийдлийг нь энгийн хэрнээ оновчтой
аргаар амьдралд тууштай хэрэгжүүлэх нь манай бодлого боловсруулагчид, улс
төрчдийн суралцмаар зүйл мөнөөс мөн.
Мишель Обамагийн
амьдралаас суралцах бас нэгэн чухал зүйл бол гэр бүлээ дээдлэх, гэр бүлийнхээ
сайн сайхны төлөө бүхнээ зориулах, гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээх чанар
юм. Тэрээр энэ чанарыг аав ээжээсээ суралцаж өвлөж авсан бөгөөд үнэт зүйлийг нь
бий болгосон үржил шимт хөрс байжээ. Айл бүрийн гишүүн бүр өөртөө ноогдсон
үүргээ биелүүлэхийн утга учрыг аавыгаа улсын ерөнхийлөгч болох үед завгүй
байдлыг нь ойлгох, өөрийн чадах зүйлийг хийх зэргээр бяцхан Малиа, Саша хоёроос
хүртэл харагдана. Таван настай Саша Цагаан ордонд анх ирэхдээ аль болох юманд
хүрч төвөг удахгүй явахыг хичээж байгааг бичсэн нь үүний баталгаа юм. Мишелийн
сэтгэлийн өчил бүрд охиддоо цаг зарцуулж чадахгүй байгаа, хүүхэд насандаа амсах
аз жаргалыг нь эдлүүлэхгүй байгаа, цаашлаад хүүхэд бүр тэгш боломж хүртэхгүй
байгаад эмзэглэсэн гэмшил уншигдана. Мөн эр нөхрийнхөө улс төрийн карьерт аль болох
сайнаар нөлөөлөх, элдэв болгоомжгүй үйлдлээр саад болохгүй байхыг эрхэмлэж
ирсэн нь мөр бүрээс уншигдана.
Дараагийн нэгэн
суралцах зүйл бол түүний бусдад сайнаар нөлөөлөх чанар байлаа. Амьдралын чухал
шийдвэрээ гаргах насандаа яваа залуус урам өгч, хэцүү бэрхийг туулж байгаад нөмөр
түшиг болж байсан нь таалагдлаа. Түүний зочлон очиж сэтгэлийн үгээр урам өгсөн
сургуулийн төгсөгчид ихэнх нь сурлагын амжилтаа ахиулсан тухай судалгаа хүртэл гарсан нь гайхалтай санагдлаа.
Уншигч миний бие Мишелийн Цагаан ордон дахь сүүлийн илтгэлийг тод санаж байна. Тэрээр улс
орныхоо залуусыг хэдхэн үгээр ямар их урамшуулж, зөв зүгт чиглүүлж байгааг хараад
бахархаж билээ. Яг үнэндээ эр нөхөртөө улсын ерөнхийлөгчөөр дараалан сонгогдтол
нөлөөлжээ. Олон удаа Обамаг ерөнхийлөгч болоход эхнэр нь маш их тус болсон гэж уншиж байсан боловч
түүний түүхийг уншаад Мишелийн ухаан үзэл бодол олон Америк хүнд тус болсон гэж
дүгнээд, түүнээс хэн боловч суралцаасай
гэж бодлоо. Принстон, Харвардыг төгссөн хуульч бүсгүйн нөлөөнөөс илүү эцэг
эхийн хайранд бий болсон нинжин сэтгэл, итгэл үнэмшил, үнэт зүйл ямар чухал
болохыг залуу үе энэ номноос олж хараасай билээ. Энэ номоороо хүртэл уншсан бүх
хүмүүсийг ухаарал, эргэцүүлэл, зөв хандлагаар сургасаар буй Мишель Обамагаар
бахархнам.
2019-04-15
ӨМӨЗО,
Улаан хад хот
Д.Амартүвшин