Monday, October 16, 2017

Уншигчийн тэмдэглэл

ГОЛ ТУНГАЛАГШИХ ЦАГААР ОЮУН САНААНЫ
ХЭЭР ТАЛД ЗОРЧСОН НЬ
Нээрээ л намар цагаар голын ус тунгалагшин намуухан урсдаг сан. Би тунгалаг Буянт, хатан Ховд голын усаа намар намарт тунгалагшихыг харж өсчээ. Хүмүүс тарьсан ногоогоо хурааж, шувууд нүүдэллэхэд бэлдээд намар цаг хадсан өвстэй хамт алтран шарладаг сан. Ургасан нь боловсорч, төрсөн нь торниж, орчлон хорвоо тэр чигээрээ өгөөж хишгээ өгдөг цагаар бичгийн хүмүүний сэтгэлд ухаарал төрж, үгсийн эрчим бас л нэмэгддэг байх даа. Энд өгүүлэх намар бол үүсэж бий болоод өсөж торниод жигүүр дэлгэх жигүүртэн адил оюун нь бүрэлдээд төлжиж тэлээд  уянгалан дуулдаг болсон хүмүүний насны намар юм. Намар голын ус тунгалагшдагийн адил хүмүүний  ухаарлын сэжим бүр дөлгөөрч намдуухан хэрнээ агуу болдог цагийг насны намар  гэмээр. Ийм л сайхан цагаар Дарьгангын хээр талаар, үгүй эсвэл зохиогчийн оюун санааны хээр талаар  зочилсон тухай тэмдэглэлээ та бүхэнд өргөн барья.

Яруу найргийн Дарьгангын дэг сургууль Доржийн Гомбожав багшаас үүдэлтэй хэмээн тодорхойлсон зохиогчийн дүгнэлтээс эхлэх нь яг өнөөдөр багш хэмээх алдрыг үүрэн, Монголын боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа надад багшаа хүндэлсэн, ачийг үнэлсэн сайхан хэрэг шиг санагдаж байна. Ухаантан мэргэд амжилтын оргилд хүрээд дандаа багшаа дурсан “түүний хүчээр энд хүрсэн” хэмээх нь олонтоо. Зурвасхан  хугацаанд ажиллахдаа Монголын 3 агуу найрагчийг төрүүлсэн багш арай олон жил ажилласан бол өөр хэнийг ч төрүүлээ билээ. Жирийн уншигч миний унших дуртай найрагчдын сэтгэлийн галыг асааж өгсөн ачтанд сөгдөе. Өнөөдөр миний сэтгэл догдлон уншиж, эргэцүүлэн бичиж байгаа бүтээлийг зохиогч эрхмийн анхны шүлгийг сонинд хэвлүүлж, сэдэл тэмүүллийн жигүүр ургуулсан  тэр агуу багшид өнөөдрийн багшлахуйн суралцахуйн ухааны мотивацийн онолын баталгаа болж байгаад нь багшид мөргөе.
Сайн нөхдийн нөлөө, нөхөрлөлийн гайхамшгийг  ямар их магтан дуулаа вэ? Арга ч үгүй биз. Хүн нийгмийн идэвхтэй харилцаан дунд суралцаж хөгждөг гэсэн Л.Выгодскийн онолоор таны оюуны хөгжлийн шалтгаан болжээ тэд. Гал нэгдэл, тэдэн дотроос О.Дашбалбар, Д.Нямсүрэн хэмээх дахин давтагдашгүй найрагчдын утга уянгын шалтгаан нь бас зохиогч өөрөө байжээ. Бие биенээ хурцалж, шүлгээр захидал бичиж, шинэ шүлэг уншиж өгөх гэж догдолж, Алтан овоо, Ганга нуур, Дарьгангаа гурван талаас нь магтан дуулж, хүмүүний сэтгэлийн утсыг хөндөж, хайрын хөнгөн гунигт хөглөгдөж явсан андууд эдүгээ ч үгийн эрчим, шүлгийн айзмаараа оршсоор байгаагийн нууц нь тэдний нөхөрлөл юм даа.
Алтан овоо, Ганга нуур, Дарьгангын талаар миний бие очиж үзээгүй ч оюун санаанд минь тэдгээрийг цогцолтол бичжээ. Одоо хэрвээ очвоос нэгэнтээ танил мэт санагдах байх даа. Нэг бүрчлэн тоочоогүй ч төрсөн нутгаа хайрлах сэтгэлийн илрэл мөр бүхэнд дүрслэгдэн харагдаж байна. Ямар уудам тал болох нь тэнд төрсөн хүмүүний сэтгэл энгүй уудам байж, сэтгэлгээ нь дэлхийд танигдсанаар харагдаж байна. Тэр талын сувдан сондор хэмээн таны нэрийдсэн газар бүхнээр тухлан зочиллоо. Гангар цагаан хун намартаа чуулах Ганга нуур, Монгол эрчүүд хийморио сэргээнэ гэж тэмцдэг Алтан овоо, Шилийн богд, тал дунд гэнэт тохиох Талын агуй, уртын дууны шуранхайд бүүвэйлэгдэх Дарьганын  уудам тал, чулуун  зэвсгийн үеийн олдвор олдогтой адил утга уянгын эрчим агуулсан яасан баян нутаг вэ? Нутаг усаа магтан дуулан, тэмцэн хамгаалах хүү төрүүлсэн нь юутай азтай хэрэг вэ? Сүүлийн жилүүдэд хунгийн чуулган дахин болдог болсон гэж зурагтаар харсан. Хүнийг хүн болоход  орчин, ахуй нь нөлөөлдөг хэмээх нийгэм соёлын онолын тод жишээ энэ билээ.
Дэлхийд данстай Монгол яруу найргийг Хүннүгийн үеэс эхлэн бичжээ. Түүний есөн гайхамшгийг тодорхойлжээ. Уншигч миний бие зохиогчийн тодорхойлсныг нэмэх бодолтой байна. Төрсөн нутгаасаа эхлээд эх орноо магтан дуулж, үгсийн эрчимээр уншсан хүний сэтгэлийг хөндөж чадаж байгаа зохиогч арав дахь гайхамшиг, найргийг нь сонсож, уншиж, ухаарч уяран шүлэглэн ярьдаг ард түмэн өөрөө арван нэг дэх гайхамшиг гэлтэй. Зүгээр л Монгол хүний сэтгэлгээний өнгө аяс, юунд уярдаг, юу боддог, юунд хөглөгддөг нь бусдаас онцлог. Даруухан амьдарсан Данзангийн Нямсүрэнгийн шүлгийг уншаад сэтгэл нь хөдөлдөггүй Монгол хүн гэж үгүй. Үг нэг бүрийг нь салган авч үзвэл өдөр тутмын бидний ярьдаг үгс, яаж сэтгэхээрээ тэдгээр үгс нийлээд тийм уянгыг илэрхийлдэг байнаа? Чулуун дээр сийлсэнтэй адил Монгол яруу найраг оюун ухаан, сэтгэлд сийлэгддэг учрыг ухаарахад бэрх юм даа. Сэтгэл хөдлөлийн эерэг мэдрэмж төрүүлэн байж хүлээн авсан мэдээлэл урт хугацааны санах ойд гүн бат хадгалагддаг гэсэн онолын баталгаа энэ буюу.
Монгол соёлын өвөрмөц онцлогийг улам бишрэх мэдрэмж төрлөө. Нүүдэлчин аж төрөх ёсны онцлог, өргөн уудам нутагт цөөхүүл амьдарч байгаа нь, баярлах гуних нь далд дотооддоо явагддаг уужуу сэтгэлт Монгол хүмүүн, Буддын шашны нөлөө бүхий итгэл үнэмшлийн өнгө аяс, байгаа байдал, өдөр тутмын амьдралаараа тогтвортой хөгжлийн бодлогыг цогцлоож байсан малчин ахуй гээд Монгол соёлыг тодорхойлдог билээ. Нэг л домог байх, түүнийг ухаж ойлговоос нөгөө л тогтвортой хөгжлийн үзэл баримтлал байх. Өнөөдөр дэлхий бидний хэдийнээ бий болгосон тэрхүү тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гэж хичээж байна. Дээрх хоёр номонд багтсан эсээ, хөрөг, нийтлэл, тэмдэглэл цөм Монгол соёлын тухай өгүүлж, түүний үр дүн, түүний тухай бодол бясалгалын өрөм цөн гэлтэй. Үгээр суварга босгож, амнаас ам дамжуулан хадгалж ирсэн Монгол соёлын элч болох багш нарыг бэлдэж байхдаа үүнийг гол шугамаа болгох ёстойг ухаарах юм.
Өөрөө өөрийнхөө тухай бодох, өөрөө өөрийнхөө үйлийг хянах нь хүмүүний сурч боловсрохын дээд шат гэж үзэх боловсрол судлалын онол газар авч байна. Энэ хоёр бүтээлээс өөрийнхөө үйлийг тунгаан бодсон,  цэгнэсэн, эргэцүүлсэн, ухаарал олж авсан мөрүүд хуудас бүрээс шахам олж харах юм. Хүний өөрийн дотоод мөн чанар дотогшоо ямархан агуу, хязгааргүй болохыг Ейнштейн ухаарч харьцангуйн онолоо нээсэн ч юм билүү.  Төрж өссөн, сурч боловсорсон, нөхөрлөж түшиж тулалцаж явсан, магтуулж муулуулж явсан, мандаж бадарч явсан, Монгол хэмээн омогшиж явсан, Монголын төлөө энэлэн шаналж явсан, билэг авьяаст нөхрөө алдаад харуусаж явсан  гээд бүхий л амьдралаа эргэцүүлжээ. Бас сэтгэлийн утсыг хөндсөн ухаарал, хайранд  хөглөгдөж явснаа ч үлдээгээгүй байна. Өөрийнхөө сэтгэлийн утсыг хэрхэн хөндөгдөж байгааг мэдэрч, түүнийгээ цаасан дээр үгээр дүрслэх нь хэрийн хүний хийж чаддаг зүйл биш ээ. Өөрөөр хэлбэл, хүний чадварын дээд шат тэрхүү өөрийгөө мэдрэх удирдах метакогнитив чадвар бол түүний дээд илрэл нь сэтгэлийн долгис бүрийг дүрслэн бичих явдал юм. Ер нь хүн өөрийгөө тодорхойлж, өөрийгөө ойлгож, өөрийгөө зорилго руу чиглүүлж, өөрийгөө ялж, өөрийгөө өөрийнхөө нэрэнд нэр төртэй барьж амьдрах, өөрийгөө хүмүүний орчлонгийн нэг хэсэг гэдгийг ухаарах, өөрийнхөө хувь нэмрийг оруулах гээд  нэлээд хэцүү ажил шүү.
Энэхүү хоёр бүтээлд хоёулангийнх нь төгсгөл хавьд  зохиогчийн дэлхийн яруу найрагчид, нэрт хүмүүстэй хэрхэн харилцсан, дэлхийн хэмжээний арга хэмжээнүүдэд хэрхэн оролцсон тухай байх юм. Энэ нь зохиогчийн сэтгэлгээ тэлж, аяндаа дэлхийн хэмжээнд сэтгэж байгааг харуулахаас гадна Монголоо төлөөлж соёлын салбарт мөрөө гаргаж байгаагийн баталгаа юм. Түүний Монголоо дэлхийд таниулж яваа нь таны яруу найргийн багш Явуу найрагчийн хүслийн биелэл болжээ. Дарьганга хийцийн эмээлээ жаахан шаргын нуруун дээрээ тохож, уртын дуугаа аялан дэлхийн дэвжээнд чинагш давхина гэдэгт эргэлзэхгүй байна.
Би өөрөө бүсгүй хүн учраас Алтан овоо, Шилийн богд дээр гарахгүй, харин Ганга нуурын эрэгт сууж, борхон болжмор босон суун ээрэх, цагаан түнгэтэй нүд алдам талд очих болно. Тэнд би Чимэдцэеэгийн “Жаахан шаргын” шуранхайд Дарьгангын найрагчдын мөр бадаг бүрийг эргэн санах болно. Яг тэр мөчид Дарьганга хийцийн мөнгөн эдлэл шиг давтагдашгүй нандин бодол төрөх байх даа.
Эдгээр бүтээлийг уншаад миний Монголд ийм нэгэн бичгийн их хүмүүн байгаад талархаж байгаа сэтгэгдэл төрсөн. Бичлэг дунд нь фото зураг, шүлгийн мөр, бодит баримт байнга шигтгээтэй байдаг нь эдгээр бүтээлийн амьдралын бодит түүх болохыг харуулна. Утга зохиол шүүмжлэгч нар тэртээ тэргүй зөндөө бичих учраас би өөрийн мэдэрсэн зүйлээ бичлээ. Муу зүгийн үг цөөхнийг оруулж хорвоогийн эрээн барааныг дүрсэлж, төрөлх Монгол хэлнийхээ аядуу хэрнээ агуу бүхнийг шингээсэн бүтээлүүдийг уншсандаа баяртай байна. Ямартаа ч дараагийн унших ном минь “Гэгээнтэн” , “Шилийн богд” байх болно.
Жирийн уншигч МУБИС-ийн Багшийн сургуулийн багш Д.Амартүвшин
2017-06-21