Friday, December 16, 2016

ХҮН БИЧНЭЭС ҮҮСЭЭГҮЙ ГЭДЭГТ ИТГЭХ ЭСЭХЭЭ ТА ӨӨРӨӨ МЭД

Юуны өмнө Оросын нүдний мэс засалч, судлаач Эрнест Мулдашевийн зохиосон "Хүн мичнээс үүсээгүй" номыг уншихыг санал болгосон эрхэм дүүд талархал илэрхийлье. Чиний ачаар нэгэн сайхан ном унших хувь тохиосонд талархан номын тухай сэтгэгдлээ  бичихээр шийдлээ.
            Нээрээ хүмүүн бид юунаас үүссэн юм бол? Сармагчингаас үүссэн юм бол одоо бас сармагчны төрлөөс хүмүүс шинээр үүссээр байгаа уу? Эволюцийн онол яах вэ? Шинжлэх ухаанаас өмнө хүний үүслийг хэрхэн тайлбарлаж байсан бэ? энэ мэт олон асуулт номыг уншиж эхлэх мөчид дараалан тулгарч байсан бөгөөд эдүгээ хүртэл явсан замаа эргэн харахад хүний үүслийн тухай шинжлэх ухааны онол, тайлбаруудад итгэдэг хүмүүн гэдгээ дурдах нь зүйтэй болов уу? тиймийн тул энэхүү тэмдэглэлээр та бүхэнтэй санаа бодлоо хуваалцахдаа таныг өөрийн итгэдэг эсвэл номын дэвшүүлсэн санаанд итгэхийг ятгахаа урьтал болгохгүй.
            Номын эхний хэсгүүд онц сонирхолтой бөгөөд шинжлэх ухаанч арга барил, судалгаанд тулгуурласан таамаг, дүгнэлтүүдийг багтаасан. Жилд 300-400 хүнд нүдний мэс засал хийдэг эмч тэрбээр олон жилийн судалгаан дээрээ тулгуурлан хүн төрөлхтний үүсэл,  түүхэн хөгжил, генийн сан, өмнөх соёл иргэншлийн тухай олон зүйлсийг бичжээ. Офтальмогеометр буюу нүдний дүрс зүйн үзүүлэлтүүдээр хүмүүний зан төлөв, амьдралын талаар олон зүйлийг хэлж болохыг тогтоосон. 1500 гаруй хүний нүдний зургийг шинжилж, статистикийн дундаж нүд хэмээн хэмжээсийг гарган авсан нь Түвд хүмүүсийн нүдний хэмжээстэй таарч байснаар Түвдэд анх хүн үүссэн гэж дүгнэлт хийсэн. Эдүгээгийн хүмүүний хаана үүсээд хааш тархан суурьшсаныг зураглан үзүүлснээр Монголчууд бид Түвдэд үүсээд нүүдлийн А чиглэлийн дагуу суурьшсан хүмүүсийн нэгээхэн хэсэг байх нь. Мөн энэ нүдний дүрс зүйг судалсан аргаараа Буддын сүмийн ханан дээрх нүд, хамрын зургийг ашиглан уг нүдний эзэн ямар байхыг тогтоосон бөгөөд ихээхэн хачирхалтай дүгнэлтэд хүрсэн. Зохиогч Елена Блаватская, Түвдийн Лувсандамба, Нострадамус, Н.К.Рерих нарын гэгээнтнүүдийн өмнөх үеийн тухай бичсэн бүтээлүүдэд задлан шинжилгээ хийх замаар  Бидний өмнө хүн төрөлхтний 4 үе өнгөрсөн гэж үзжээ. Үүнд:
1.      Өөрөө төрөгсөд: Гэрлэн биетэй, 50-60м өндөр, 1 нүдтэй, хуваагдаж үрждэг
2.      Хожуу төрөгсөд: 40 орчим метр өндөртэй, ганц нүдтэй, нахиалж үрждэг
3.      Лемурчууд: 20 орчим метр өндөртэй, 4 гар, хоёр нүүртэй
4.      Атлантчууд: 6-8 м өндөртэй, нягт биетэй, 2 гар, нэг нүүртэй.
5.      Аричууд: Одоогийн хүн төрөлхтөн
Энд байгаа нэрнүүдийг харахад Атлантын далайн нэр, Дэлхийн 2-р дайны үед Герман үндэстэн өөрсдийгөө Аричууд гэж нэрлэж байсан гэхээс цааш мэдэх зүйл алга.
            Энэ хүртэл зохиогч шинжлэх ухааны судалгааны арга, идеалист төсөөлөл, оюун санааны хийсвэрлэл зэргийг хослуулан сэтгэж, өөрийн дотоод ертөнцтэй зөрчилдөж байснаа нуусангүй. Үнэхээр Египетийн пирамидыг оюун санааны хүчээр барьсан юм болов уу? Эргэн тойронд нь 200 км газар лав тийм том чулуу байхгүй бөгөөд тухайн үеийн өргөх техник ямар билээ гээд бодохоор манай соёл иргэншлийн бүтээл биш гэмээр. Хамгийн гол нь уг пирамидын доторх нууц эдүгээ тайлагдаагүй байна. Ямар ч зүйлийг удаан хадгалах тохиромжтой орчинг бүрдүүлж чадсан нь гайхалтай.
            Зохиогчийн өгүүлэх нэгэн чухал санаа самади буюу өмнөх үеийн хүмүүс бясалгалын хүчээр өөрийгөө хадгалах төлөвт орох нь хүн төрөлхтний генийн санг хадгалах зорилготой гэж үзжээ. Манай Монголоос 2015 онд занданшсан шарил олдоод нэг үе шуугиан тарьсан. Архангай аймгаас нэгэн агуйгаас ашиг сонирхлын үүднээс авч ирээд зарах гэж байсан эмгэнэлт явдал болсон. Улаан-Үдэд Итгэлт хамба гэж мөн занданшсан шарилд хүмүүс мөргөж хувь төөргөө даатгадаг. Энэ бүхнийг харахаар зохиогчийн санааг  үгүйсгэх боломжгүй юм. Тэр бүү хэл самади байдаг агуйд орсон хүмүүстэй уулзаж, өөрөө тийм агуйд орох оролдлого хийсэн тухай бичсэн нь дэвшүүлсэн санаагаа баталгаажуулсан хэрэг. Хамгийн сонирхолтой нь хүн төрөлхтний генийн санг хадгалж буй самади бүхий агуй Түвдийн цаст ууланд, Монголын говьд байдаг гэж дурдсан явдал юм. Энэ нь эртний ул мөр, архилоегийн дурсгал ихтэй байдагтай холбоотой юм болов уу? Бас сонирхол татсан зүйл бол тийм агуйн доторх температур Цельсийн 4 хэм дулаантай байдаг гэсэн дүгнэлт юм. Физикчид 1 литр хэмээх нэгжийг тогтоохдоо 4 хэмийн дулаантай усыг хааш хааш 1дм хэмжээтэй саванд хийж эталон загвар болгосон байдаг. Энэ нь усны тогтонги төлөвт байх температур байж болох юм.
            Хүн төрөлхтний өмнөх 4 үеийн соёл иргэншил, амьдралын тухай уншиж байхдаа оюун санаандаа тэдгээр соёл иргэншилд зочлох саваагүй бодол төрсөн боловч төсөөлөхөд үнэхээр бэрх юм. Биднээс дэндүү хол цаг үе болохоор оюун санааны өвөөр дамжиж ирсэн байх боломжтой. Зохиогч харин тэдгээр эрин галавт оюуны төсөөллөөр зорчиж чаджээ гэмээр. Олон эх сурвалж, уйгагүй судалгаа, материалист ба идеалист сэтгэлгээний зохистой хослол, оюуны бядаар ийнхүү зорчиж чадсан байх. Нэг соёл иргэншлээс нөгөөд шилжих бүр хүний бие нягтаршаад, хэмжээ нь жижигрээд, оюуны хүч нь сулраад байгаа зүй тогтол олж харжээ. Өнөөгийн соёл иргэншлийн оюун ухааны хөгжил хамгийн дорой гэхээр өмнөх үеийнх ямархан гайхамшигтай оюун ухаантай байсныг төсөөлөхөд бэрх.
            Энэ номын төгсгөл хэсэгт эерэг бодол хэрхэн эерэг торсын орон үүсгэж хүний амьдралд эергээр нөлөөлдөг тухай бичсэн нь зохиогчийн нийгмийн сайн сайхны төлөө өгүүлсэн санаа гэлтэй. Зохиогч өнөөгийн Орос орны тухай, тэдний хандлага, үзэл бодлын тухай бодлоо энэхүү санаатай холбон тайлбарлах нь номыг уншигчид нэгийг бодогдуулж, аливаад эерэгээр хандах сэдэл тэмүүлэл болжээ. Үнэхээр нийгэм тэр аяараа эерэг хандлагатай байж гэмээн хуулиа мөрдөх, бусдын сайн сайхны төлөө анхаарах, өөрийн үүргээ ухамсарлах, асуудлыг шинжлэх ухааны мэдлэг ашиглан шийдвэрлэх, үр хүүхэддээ үлгэр дуурайл болох, эрдэм боловсролыг дээдлэх гээд олон эерэг зүйлс аяндаа бий болно. Эерэг торсын оронг бий болгох хамгийн энгийн арга бусдыг хайрлах явдал гэж үзжээ. Хайр ундарч байхад тэр газар эерэг торсын орон бий болж бүх зүйлд эерэгээр нөлөөлж аз жаргал дагуулдаг байх нь.
            Эцэст нь дүгнэхэд жилд 300-400 нүдний хагалгаа хийдэг, нүдний мэс заслын салбарт олон шинэ технологи нэвтрүүлсэн энэхүү судлаач үндсэн ажлынхаа хажуугаар энэ их судалгаа хийж ийм бүтээлийг туурвисан нь өөрөө гайхамшиг юм. Түүний оюуны санааны төсөөлөл нь хэдэн сая жилийг дамнан чанадын чанадад хүрч, хүн төрөлхтний оюун санааны өв санд зочилсон гэмээр.

            Хүн бичнээс үүсээгүй гэдэгт итгэх нь таны хэрэг боловч энэ номыг уншихыг хичээнгүйлэн хүсье. Зүгээр л зохиогчийг дагаад оюун санааны ертөнцөөр нь аялаад үз.