Sunday, June 28, 2015

Дугуйгаар ажилдаа явах замд...

ДУГУЙГААР АЖИЛДАА ЯВАХ ЗАМД
            Би эдүгээ 42 настай. Боловсролын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа жирийн нэгэн.  Гэр маань хотын төвд байдаг. Энэ зун амралтаа аваад, нэг дугуй худалдаж авав. Ийм насандаа дугуй унаж сурах хэцүү гэсэн ойлголттой байсан болохоор хамт ажилладаг нөхөддөө "би энэ зун дугуй унаж сурнаа, та нарт амлая" гэж хэлээд амрав. Учир нь би дугуй унаж сурахыг их хэцүү, маш олон хоног уйгагүй хичээж байж сурах байх гэж төсөөлж байсан. Хүүхэд насандаа дугуйн дээр мордож ч үзээгүй юм байна лээ.
            За тэгээд дугуйгаа аваад гэрийн ойролцоох сургуулийн хашаанд унаж эхлэв ээ. Эхлээд үнэхээр надаас хол байсан. Нэг ч алхам явж чадахгүй байсан. Оройжин оролдлоо. Маргааш өглөө нь эртлэн босож бас оролдлоо. Шалгалтандаа ирээд хүлээж байсан  4-5-р ангийн бололтой нүдэнд дулаахан бор хүү "За байз яаж таныг унаж сургая даа" гэж бодол болов. Тэр хавьд байсан бүх хүн санаа тавьсан шүү.
            Хоёр хөлийнхөө булчинг нэлээд цохиж, 2 ч удаа дугуйтайгаа хамт унав. Тэр оройгоо хүний хөл татрах үед дахиад оролдлоо. Тэгсэн чинь арай өөр болчихсон байна. Жаахан дэмжлэг байвал явчихмаар ч юм шиг. Нөхөр рүүгээ залгаад "надад жаахан дэмжлэг хэрэгтэй байна, бараг болох гээд байна" гэж хэлэв. Үргэлж намайг дэмжиж байдаг хань минь гарч ирээд цамцны араас атгаад жаахан явсан чинь яваад эхэлсэн. Нэг онцлог нь надад "үүнийг унаж суръя" гэсэн уин хүсэл, зориг байсан. Тэгээд майжигнуулаад явж эхэлсэн.
            2 долоо хоног тэр хашаан дотор унаад, нэг  өдөр ажил руугаа дугуйгаар явмаар санагдаад нөхөртөө хэлтэл "арай болоогүй байх" гэлээ. Би үгэнд нь оролгүй явлаа. Нэлээд газар түлхээд, хөтлөөд явлаа. Хүний хажуугаар гарч чадахгүй байлаа. Бараг л " яах гэж дугуйтай гарч ирэв ээ" гэж бодож амжсан шүү. Тэгээд өдөр өдрөөр дасаж, хүний хажуугаар чөлөөтэй явдаг болоод байна. Санасныг бодоход амархан байсан шүү. Гайгүй явдаг болоод замдаа тааралдсан зүйлийг ажигладаг боллоо. Сайн унаж чадахгүй байхад замд юу тааралдсаныг анзаарах манатай байсан. Тэгээд замд тааралдсан, үзсэн харснаа хуваалцахыг хүслээ.
            Гэрээс гараад том том нүхтэй зам, шигүү шахаж тавьсан машинууд. Та төсөөл дөө. Нэг л жаахан мурийвал хүний машин мөргөчих гээд. Угаасаа манай байрны гадна жилийн дөрвөн улиралд ийм байдаг. Анхнаасаа гадна орчны төлөвлөлт хийгдээгүй. За тэгээд дугуйн зам байх биш, явган хүний замаар явнаа. Тэр замаар явагчид 90-ээд оноос өмнө хөөс их өөрчлөгдсөн. Том уут дүүрэн ундааны сав үүрчихсэн, эсвэл согтуу найгасан, хэд гурваараа хэлхэлдсэн залуус, тор барьсан эмээ өвөө гээд тоотой хэдэн төрлийн хүмүүс явнаа. 2012 онд АНУ-д очиход айл бүр шар айраг, хатуу шарз гээд төрөл бүрийн уух юм санал болгох хэрнээ нэг ч согтуу хүн байгаагүй. Манайд айлд ороход жирийн үед согтууруулах ундаа санал болгодоггүй хэрнээ гудмаар дүүрэн согтуу. Тасраад унасан, хөтлөлцсөн, ил задгай бие зассан гээд арай дэндүү. Дугуйтай явахад хамгийн хэцүү нь тэдэнтэй мөргөлдчих гээд байх юм.
            Дараагийн хэсэг хүмүүсийн тухай ярихаас өөр арга алга. Сургуулийн талбай, цэцэрлэгт сууж бяцхан үрсээ агаарлуулах ээжүүдийг сайшаалтай. Өвөл нь утаан дунд амьдардаг бидэнд ингэхээс өөр арга ч алга. Гэтэл зарим нь тэрэгтэй хүүхдээ хажуудаа хөдөлгөөд тамхи татаж байх юм. Бүр нэг удаа хоёр ээж хоёулаа хүүхдээ салхилуулангаа шар айраг ууж байх юм. Үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Эдийн засгийн доройтлоос илүү оюун санааны доройтол хортой доо.
            Дугуйтай явж байхад тааралдах хүмүүсийн нүд "энэ хөгшин юм унаж үхэх вий" эсвэл "энэ эрүүл мэндээ бодоод дугуй унаж байгаа нь сайшаалтай" гэсэн өгүүлэмжийг хэлэх нь харагдана. Гэхдээ сүүлийн хувилбар олон байсан нь сайхан. Өөрөөр хэлбэл, хүмүүс нэг үеэ бодвол эрүүл амьдрахыг хичээдэг болжээ. Энэ нь төв талбай дээр алхах, гүйх, дугуйгаар явах хүмүүсийн тоог нэлээд байгаагаас илэрхий. Явган хүний замаар явсаар байгаад төв талбай дээр 2-3 эргээд ажил руугаа ороход таарч байгаа юм.
            Дугуйтай явж байхад таарах бас нэг үзэгдэл зам дээр хаясан хог, түүн дээр уначих гээд байх явдал. Ундааны бөглөө, сав, нэг удаагийн аяга, тамхины хайрцаг, гялгар уут гээд их их ээ. Монгол хүн хэзээ хогоо хогийн саванд хаяж сурнаа. Их л багаас нь хэлж, яс маханд шингээхгүй бол болдоггүй юм шиг байна. Нэг үеийг бодвол хогийн савны тоо олширсон шүү.
            Энд бас нэг төрлийн хүмүүсийг дурдахгүй байж болохгүй нь. Чихэвч зүүсэн , утсаа малтсан өсвөр үеийнхэн. Зүүн өмнөд Азид тулгамдаж байгаа нэг асуудал бол залуу үе нь "толгой доошоо хүмүүс"(head down people) болсон явдал гэж сонссон. Утас руу хамаг анхаарлаа хандуулсан хүмүүсийг ийнхүү нэрлэж байгаа юм байна. Амьд харилцаа, харилцаан дунд оюун ухаан хөгжих гээд олон зүйлийг ярьж болно. Хамгийн хэцүү нь тэд чихэвч зүүсэн байдаг болохоор дугуйны хонх сонсоно гэж байхгүй. Гэхдээ Харвардыг Монгол залуус төгсөж байгаа нь сэтгэл дэвтээнэ.
            Барилгын компаны нэр бүхий ажлын хувцас өмссөн, гартаа кока-кола барьсан хүмүүс нэлээд тааралдах юм. Улирлын чанартай болохоор уртасгасан цагаар ажиллана, чанаргүй хоол иднэ, дээрээс нь кола ууна эрүүл мэнд юу болох вэ? Саяхан цахим сүлжээнээс "далд өлсгөлөн" гэж уншсан нь манайд нүүрлэх нөхцөл бүрджээ. GMO буюу генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн захаас аван байх бөгөөд тэр талаар хүмүүс ойлголт муутай байна. Тарган хэрнээ өлсгөлөн хүмүүс бий болдог гэсэн. Гэхдээ сүүлийн үед бүтээн байгуулалт хийж буй компаниуд монголчуудаа ажлын байраар хангах сонирхол нэмэгдэж байгаа гэсэн.
            Дугуйтай явахад хамгийн их ажиллаж байгаа харагдах хүмүүс бол гудамжны цэвэрлэгчид өглөө хар үүрээр эхлээд өдөржин хөдөлнө. Өвөл ч тэр зун ч тэр. Хотын дарга эрхмээс илүү хотын төлөө анхаарч байгаа нь бидэнд харагдаж, мэдрэгдэх юм.
            Бас нэг төрлийн хүмүүс тааралдах нь үүргэвч үүрсэн жуулчид, автобус дүүрэн хятадууд. Төв талбайгаар явдаг болохоор Их хааны хөшөөний өмнө зургаа татуулах жуулчид бол өдөр тутмын энгийн дүр зураг мэт. Аялал жуулчлалын бизнес хөгжөөд удаагүй ч  онгон байгальд хямдхан аялах боломжтой орны тоонд манайх багтдаг. Ийм хүмүүс бүр олон тааралдаасай. Тэдний тоогоор эх оронд минь гадаад валют орж ирж байгаа.
            Энэ бүхнийг бичсэний зорилго бол бүгдээрээ өөрийн үүрэгт ажилдаа эзэн болж, эрүүл идэвхтэй амьдарч, дугуйгаа унаад салхи татуулан сүнгэнүүлэхэд замд таарсан бүхэн нь эерэг, өөдрөг, сайн сайхан байгаасай гэсэн хүслээ биелээсэй гэсэндээ та бүхэнд уриалсан билээ.