Sunday, April 14, 2013

Ээжийнхээ дээлийг дэрлэж унтахад...



Цаг хугацаа гэж өнгөрсөн хойно нь бодохоор харвасан сум шиг санагдах юм даа. Хоёр жилийн өмнө хүний дээд ээжийгээ яг энэ өдөр бурхны орон руу үдсэн.  Яг өчигдөрхөн юм шиг санагдах юм. Ээжтэйгээ утсаар ярьж байсан нь саяхан мэт санагдаж, тэр ч бүү хэл  дуу нь сонсогдох шиг.
            Саяхан ажлын далимаар уулс, туульсын нутаг Ховддоо цөөн хоног очих завшаан тохиолоо. Аавтайгаа золгож, хамт ажиллаж байсан нөхөдтэйгээ уулзаад, хаа сайгүй халуун дотноор мэндчлэх нутгийн ахан дүүсийн хүндлэлийг мэдрэх сайхан байсан.
            Аавынхаа  дэргэд хонохдоо санаандгүй дэрлэх юм эрээд хувцасны шүүгээ сөхтөл ээжийн минь хөх торгон дээл нүдэнд туслаа. Мэдээж ээжийнхээ дээлийг дэрлээд унтахаас татгалзах хэн байх билээ дээ.
            Орондоо ороод дэрэн дээрээ толгойгоо тавихад ээжийн минь дээлнээс саалийн үнэр үнэртэх шиг, ээж минь тэврэх ч шиг санагдаж, ээжтэйгээ уулзах мэт болж, нулимсаа захирч дийлэхгүй байсан. Яг тэр мөчид ээжийн минь "Хэчнээн жаргалтай байсан ч орондоо битгий дуул. Хэчнээн зовлонтой байсан ч орондоо битгий уйл" гэж багад ээжийн минь хэлж байсан үг гэнэт чихэнд сонсогдох шиг болж, сэтгэлээ захирч, нулимсаа арчсан.
            Хэдэн хүүхдүүд нь цалингаасаа дээл хувцас авч өгөхөөр учиргүй баярладаг сан. Бурхан болохынх нь өмнөх цагаан сараар бид мөнгөө нийлүүлж, ээмэг авч өгөхөд, дахин дахин утсаар ярьж "баярлалаа хүүхдүүддээ" гэж байсан сан.
            Тэр дээлийг өмсөж, тэр дээлэн дотор биднийг, бидэнд хамаатай бүх хүнийг, магадгүй шавь нарыг минь ч багтааж явсан ээж минь энэ хорвоод байхгүй гэж бодохоор хоёр дахь амьдрал, хойд нас гэдгийг байдаг гэдэгт хүчээр итгэж, тэнд ч гэсэн таныг амьдруулах юм даа.
            Та минь хүн бүрийн төлөө сэтгэлээ чилээж, бүхнийг зориулдаг байсан болохоор диваажинд заларч байгаа. Энэ насандаа жаргаж амжаагүй таныг минь диваажингийн орон амар амгалан байлгаж байгаа гэдэгт итгэнэм. Тийнхүү амар амгалан байх нь надаас шалтгаалдаг байж болох учраас таныгаа амарлингуй байлгахын төлөө би чадах бүхнээ хийнэ.