Чагнаагийн Пүрэвдоржийн "Гол өгсөхүй" яруу найргийн номыг уншаад, төрсөн бодлоо бичлээ.
Би үржил шимт Буянт голын хөвөөнд өссөн хүн. Гол өгсөх
гэдгийг Буянт голыгоо өгсөхөөр төсөөллөө. Цэцэгсийн орон, ариунаас ариун Алтайн
уулсын суга бүрээс түм буман гол горхи нийлж, хэрхэн Буянт гол эх авч урсдагийг
би мэднэ. Тэр түмэн гол горхины орон, “үүл цэцэг хоёр үнгэлдэн” байдаг Түмтийн
нуруунд зусаж байхдаа сүүн өнгөт түмэн горхи нийлээд тийм их үржил шимтэй Буянт
голыг үүсгэдэг гэдгийг ухаарах насанд хүрээгүй байж дээ. Хамаг амьтныг тэтгэгч
Буянт голоо өгсөхөд тэнгэрт суудалтай Түмтийн нуруундаа хүрэх юм.
Эхлээд Буянт голыг тариа ногооны хүмүүс хонон өнжин
дугаарлан, өөрийн талбай руу урсгадаг тэр хэсгээс эхлэн өгслөө. Яруу найргийг
уншихыг яг тэр ногооны талбайг услах ёстой шиг хүмүүний оюун ухааныг услах,
ургуулахтай адилтган бодлоо. Тэр олон тийш урсаад цааш урсах усгүй болмоор
санагдавч, ногоо тарианы газрыг өнгөрөөд, өөрийнхөөрөө урсаж л байдаг. Хааяа
нэг Буянт голынхоо хөвөөнд очиж суухаар намуухан урсах урсгалын чимээнд
тайтгардаг сан. Монголчууд урсгал сөрж явахаас биш уруудах дургүй. Ийм л
газраас гол өгсөж эхэллээ.
Тохойрон тахиралдан урсах Буянт минь өгсөх тусам гатлаж
гарахын аргагүй томордог. Гол өгсөхүйг уншихад мөн л адил. Хуудас ахих бүр
ихийг бодогдуулах шиг. Миний эхэлсэн газраас холгүйхэн Бугат үзүүр хэмээх
ширэгт тохой байх. Тэнд сууж хэдэн шүлэг уншлаа. Ялангуяа “Цага хугацаа” хэмээх
шүлгийг уншаад баймаар санагдлаа. Нээрээ л торгон хадаг сэмрэх хүртэл нэлээд
олон зуныг хойгуур урдуур сонсогдох морин төвөргөөн дунд өнгөрөөх байх даа
хэмээн бодож суутал “голт борын өчүүхэн цэцэг” уйлах шиг. Орчлонгийн хамаг
амьтанд өөр өөрийн зовлон байдагчлан түүнд бас өөрийнх нь гомдол, өөрийнх нь нулимс
гарах шалтгаан байгаа биз. Хүмүүнийг гаднаас хараад ямар амьдрал дунд, ямар
зовлон туучин байгааг бүгдийг мэдэх биш дээ. За яахав. Уйлаад тайтгараг, тэр
голт борын цэцэг.
Цааш усны чимээнд хөтлөгдөн өгсөхүй дор “ үл хөдлөх, үл
дуугарах, үл явах...” хөх уулсын хавцлаар Буянт гол дошгирон урсах нь сүртэй. Хүрсэн
өндөрлөгөөсөө хийсэн ажлаа омог бардам харах мэт, хүний сэтгэлийн учрыг олж,
ойлгосон мэт, “хязгааргүй гэгч нь энэ л байх даа” гэмээр олон бодол сүлэлдэх
шиг. Тэр үед нөгөө уулс “ залбирсан ч зандарсан ч эс тоох” мэт ихэмсэг хийгээд
дүнсгэр. Уулын харгианы чимээнд хажуугийн хүн хашгирсан ч үл сонсогдоно. Бас
энэхүү догшин урсгалд зарим нэг бодлоо урсгаад явуулбал надаас хурдан
холдоно.
Хөдөө арал сайхан,
хөглөгөр Хангай сайхан гэнэ. Миний
нутгийн нүцгэн уулс ч гэсэн өөрийн гэсэн
сайхантай. Мацаж гараад, дээр нь тэнгэр ширтээд хэвтэхэд амар амгаланг мэдэрдэг. Бүр өндөр нь халуун зунаар мөсөн оройтой. Суга, дэвсэг болгон айлтай, тэр айлуудын эзэд бас “Сарлаг Дамбий”, “Ойлин толгойт” “Хөх
шанаат” шиг хүмүүс байх. Гэхдээ тэдний амьдрал, хэлсэн үг, бодсон бодол бүхэн эгэл. Тэдний уулсын дунд голоо өгсөн уруудан нүүхдээ
бодсон бодлын охь нь нөгөө эрдэмтэн судлаачдын хүрсэн үнэн байдаг. Тэдэн
дундаас “гэгээнтэн” төрдөг.
Тэр уулын сугаар урсах голыг өгсөхөд хад, чулуу давах тойрох хэрэг бишгүй гарах юм. Саад
бүхнийг даваад өгсөхөд хонин сүргээ гаднаа налайлгаад, гэрийн гадна сансрын
антенн өлгөсөн гэрүүд бөмбийнө. Хөгжил дэвшил, технологи малчны гэрт бас очжээ. “Е”-малчин гээд шүлэглэх цаг
мөдхөн биз. Ирж буй цагийн аясанд нүүдэлчин амьдралаа авч үлдэх сэн.
Голын урсгалын чимээ, замд тохиолдох бүхнийг сонирхож
явсаар, зам маань жаахан “буруу зүг” ханджээ. Голын сав, хөндийг дагаад, агаар
сэнгэнээд сайхан байдаг юм байна. Ус амьдралыг тэтгэгч болохоор тэр биз. Буруу
зүгт улс орон тэр аяараа хандах ч байдаг хойно. Өнөөдөр зөв зөв хэмээн явж
байгаа зам хожим буруу болох тал бий. Зөвтөж буруудаж явдаг хүмүүний амьдралын
замд буруу зүг явж байгаа мэдсэн хирнээ явсаар байх харин жинхэнэ “буруу зүг”
болно. Тийм болохоор гол өгсөж байгаа хүн голоо
дагая.
Уулсын дунд хөгжмийн эгшиг үүсгэн харгих голыг өгсөх
замдаа ортол, хамгийн түрүүнд биднийг тосдог “банхар” угтан ирлээ. Гэртээ дөхөж
байгаагийн дохио болон ирсэн нохой олон
хоног сараар санасандаа үе үе эрхлэн, хоёр талд гаран шогшино. Хоёулахнаа малаа
маллаж байсан аав, ээжид минь хичнээн их хань, нөмөр болдог байсан бол. Адуунд
хоногоор явсан аавын минь эзгүйд ээж нохойтойгоо яриад, хонь малаа хотлуулдаг
байсан байх даа. Монгол малчин нохойтойгоо хамжин малаа малладаг болохоор нохойг
хайрламаар. “Өдөржин дуулах өчүүхэн шувуухайн” шулганаан голын эхэнд зусах
эцгийн гэрийг ойртсоныг илтгэнэ.
Тийм ээ. Түмэн гол горхи урсгаж, Буянт голын үүсгэдэг
Түмтийн нуруунд зусах гэртээ ирэхэд холын нуруунд налайх хонин сүрэг сувд адил
цайран, дэргэд адуу тургилан, хад асга шажигнуулах нь сайхан. Нөгөө дагаж өгсөж
байсан гол минь алга. Тэр голын эх авч урсдаг газар болохоор нам дор ортлоо
олон түмэн салаа жижиг гол горхи хэлбэрээр оршиж байгаа нь уншиж байсан
найргийн ном дуусаад, бодол оюуныг минь олон олон тийш нь авч одох шиг.