Friday, December 2, 2011

Таныгаа ногоон дарь эх байсныг ухаарлаа


Хаврын нэгэн өглөө боссон даруй нэг л онцгой өдөр шиг санагдан “өнөөдөр чинь ямар өдөр билээ” гэж өөрөөсөө асуулаа. Ер нь ямар нэгэн онцлог үйл явдал санаанд орсонгүй. Ажил дээрээ иртэл мөнөөх бодол дахин орж ирсэн ч санаанд орох юм алга. Тэгээд хичээлээ зааж байтал утас дуугарч дүү минь уйлан хайлан “ээж ухаан алдаад уначихлаа” гэж хэллээ. Тэрхэн агшинд “миний ээж хэрийн юманд унах хүн биш дээ, нэлээн хүнд юм болсон доо” гэсэн бодол юун түрүүн зурсхийлээ. Дөнгөж маргааш нь хотод ирэх нислэгийн тийзээ авчихсан байсан эжий минь яахлаараа унадаг билээ хэмээн, яах учраа олохгүй хэсэг алмайраад, шууд гараад онгоцны тасалбар авахаар гүйлээ. Ховд руу нислэг үйлддэг хоёр компанид хоёуланд нь тасалбар байсангүй. “Заавал ир, яаж ийгээд ир” гэж эмч хийдэг хамаатны маань үг найдварын галыг бөхөөж, нулимсаа захирч чадахгүйд хүрэхүйд ээжийгээ би алдаж байгаа зөн төрсөн.
Хорвоод тулах түших заяанд төрсөн ханьдаа хэлж, хонгор бага дүүдээ дуулгалаа. Ховд явах автобусыг багын анд нөхрийн тусаар саатуулан байж суулаа. Ховд нутгийн холыг хэлэх үү, хорвоогийн жамын хатууг хэлэх үү. Зам яаж хорогдож байгааг анзаарах ч сөхөө алга. Баянхонгор орохын алдад үеэл минь утасдаж “За сэтгэлээ бариарай. Нэгэнт бурхан болсон. Хажуу дахь хань, дүүгээ зовоож болохгүй шүү” гэж хэлэхэд чимээгүйхэн нулимсаа урсган сонслоо. Автобус дүүрэн хүн дотор орилолтой биш дотогшоо уйллаа. Ер нь би ээжийгээ өөд болоход бүтэн уйлж чадаагүй дээ.
Hамрын шувууд будан шамаргатай өдөр үрсээ үлдээлгүй авч нисэхийн тулд өдөржин нууран дээгүүр ганганадгаас илүүтэй уй[1] сэтгэлийг минь бүрхэж, ээжийгээ жаргааж чадсангүй дээ гэсэн харуусал нүдийг минь бүрхэж, хаана байсан юм бэ гэмээр их нулимсыг чимээгүйхэн урсгасан. Одоо ч энэ хэдэн үгсийг хэлхэж суухдаа үе үехэн нулимсаа арчсаар л.
Эжийгээ бурхан болохоос хоёр хоногийн өмнө сонин зүүд зүүдэлсэн. Аав ээжийн минь нутагладаг Цамбагарав уулын өвөрт(Эрдэнэбүрэн суманд) их л холоос зорио болов уу гэмээр дүртэй ногоон дарь эхийн хөшөө босгож байх юм. Тэр нь их том. Нэг улаан толгойг шууд дээлийн хормой болгон ашиглаад бүтээж байсан. Тэнд мөн хоёр том гэгчийн цагаан суварга босгосонд мөргөж байна гэж зүүдэлсэн. Зүүдэлсэн зүүд бүрд ач холбогдол өгөөд явдаг нэгэн биш ч тэр зүүдийг хэд хэдэн хүнд ярьж, бүр багын нэг ширээнд суудаг байсан найзаасаа “би ийм зүүд зүүдэллээ, танай суманд тийм хэлбэртэй толгой бий билүү “ гэх мэтийн утгагүй зүйлийг асуусан. Хожим бодоход ээжийг минь амарлингуйн орноо авч явах ногоон дарь эх зүүдэнд минь ирсэн юм билээ. Миний эжий ч гэсэн наддаа ногоон дарь эх бурхан байсныг эжийгээ бурхны орноо одсон хойно л ухаарсан даа. Аминаасаа амь тасалсан ачтанг бурхан гэхгүй бол, бүхний түрүүнд биднийг өөрөөсөө илүү бодогчийг бурхан гэхгүй юм бол хэнийг бурхан гэх вэ?
Нэлээн хэдэн жилийн өмнө хадам аав минь “хүн тэвдсэн үедээ залбирч сүсэглэхдээ дөрвөн аав ээжээ[2] бодох хэрэгтэй. Тэрнээс илүү бурхан байдаггүй гэдэг” гэж хэлж байсан нь санагдаж бодлыг минь улам батлах шиг. Амьдад нь ухаарах хувь тохиол надад лав заяагаагүй. Бусдад харин ямар юм бол. Билгийн мэлмий нь тунгалаг багшийн минь
“...Хэтэрхий ядарч доройтсон ч энэ эмгэн
Хэн нэгний ээж байхдаа, зайлуул
Байхгүй байгаа ээжийгээ би санан санан бэтгэрч явахад
Байгаа ээжтэй хүн яасан сайхан вэ?”[3] гэсэн бадаг шүлэг, ардын уран зохиолчийн сэтгэлээс эгшиглэсэн
“Ээжийтэйгээ байхад би баян байсан”[4] гэсэн мөрүүд нэгийг бодогдуулна.
Ээжийгээ жаргааж чадсангүй дээ гэсэн харамсал, би сайн сайхан амьдарч байгаа болохоор эжий минь баярлаж байсан гэх тайтгарал сүлэлдэн, түүнийг нь нулимсаараа зөөллөж өдөр хоногийг барнам.
Хэт их сайхан зүйлийг эдлүүлж амсуулах гэж, түүндээ өөрөө хүрэхийг хүлээн эжийгээ баярлуулж чадаагүй байжээ. Үүнийг уншигч та эжий тань сэрүүн ахуй бол их зүйлээр баярлуулна гэлгүй чадах зүйлээсээ эхлээд цаг алдалгүй баярлуулаарай. Ганцхан чихэр халааснаасаа гаргаад өгсөн ч, зүгээр л утсаар ярьсан ч, халуун дулаан тэвэрсэн ч, сайхан үг хэлсэн ч таны бурхан эжий баярланаа.


[1] Хар-Усан нуурын эрэгт Дөргөн суманд 5 жил амьдрахдаа намар намрын шувуу буцах өдөр хэн хүнгүй их уй төрдөгийг мэдэрсэн.
[2] Өөрийн аав ээж хоёр, ханийн аав ээж хоёрыг хамтад нь дөрвөн аав ээж гэж хэлэх ёсон бий.
[3] Ч.Пүрэвдорж “Хүмүүс” Уб.,2011, 54 тал
[4] Б.Лхагвасүрэн “Эжийтэйгаа байхад би баян байсан” шүлэг