Sunday, May 11, 2025

Ирээдүйн эздийг хамгийн сайнаар хөгжүүлэх нь...

 


Доктор Намралын Норжхорлоогийн бичсэн “Бидний хүүхэд шинэ зуунд” номыг уншаад, зохиогчийн судалгаанд суурилсан, олон жилийн туршлага, эргэцүүлэл дээрээ тулгуурласан онч санаануудыг энгийн үгээр олж хараад, “Монгол судлаачийн оюуны бүтээл болжээ” гэсэн бахархал төрснөө дурдаад, тэмдэглэлээ эхэлье.

Хүний амьдралын хамгийн чухал нас бол эхийн хэвлийд бүрэлдэхээс 7 нас хүртэлх үе гэж олон судлаачид дуу нэгтэй зөвшөөрч байна. Хүн амьдралын туршид хэрэглэх чадварын 70 хүртэлх хувийг 7 хүртэлх насандаа олж авдаг. АНУ-ын судлаач Жеймс Хэкманы хийсэн урт хугацааны судалгаагаар  боловсролд зарцуулсан хөрөнгө оруулалтын үр ашиг хүүхдийн нас бага байх тусам өндөр байдаг гэж гарсан байдаг. Боловсролын чанараар тэргүүлэгч орнуудын туршлагаас харахад үр  хүүхэддээ маш их цаг зарцуулж, анхаардаг. 2016 онд Финландад очиход хотын гудам, тэнгисийн эрэг дээр хаа сайгүй хамт дугуй унаж байгаа, ярилцаж байгаа, ном уншиж өгч байгаа гэх мэтээр хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь мэдэгдэхүйц их байсан. Япон ээжүүд хүүхэдтэй болоод ажлаасаа гарах нь хэвийн үзэгдэл байдаг. Бид харин сүүлийн үед хүүхэдтэйгээ ярилцахгүй, цахим сүлжээний мэдээлэлд цаг наргүй толгойгоо уячихсан биш биз? Үүний нэг илрэл бол сүүлийн үед 1-р ангид хэл харилцааны бэрхшээлтэй, зарим тохиолдолд “Нөү” хэмээн орилохоос өөр үг хэлдэггүй хүүхэд нэлээд ирж байна. Цахим сүлжээ дээрх багш нарын бүлгэмд энд дурдсантай адил хэлд ороогүй хүүхэд ирж байгаа эсэхийг асуутал “4-5 байна”, “хэл яриа, зан төлөвийн хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд жилээс жилд нэмэгдэж байна”, “3-р анги хүрсэн ч ярихгүй байна” гэх мэт олон хариулт иржээ. Төсөөлснөөс олон санагдсан.

“Бидний хүүхэд шинэ зуунд” ном нь “Үнэт зүйлээ хүүхдэд багаас нь өвлүүлэхүй” гэсэн дэд гарчигтай бөгөөд энэхүү дэд гарчиг нь номонд өгүүлэх гол санаа ажээ. Бидэнд хамгийн үнэтэй зүйл болон үнэт зүйлсийг хооронд нь хольж ойлгох явдал бий. “Таны үнэт зүйл юу вэ?” гэвэл “Миний үнэт зүйл бол миний гэр бүл” гэж хариулах хүн олон таарах вий. Тэгвэл үнэт зүйл нь хувь хүний үнэлэмж, итгэл үнэмшилд суурилсан,  сэтгэл зүрхэнд шингэсэн,  сайн сайхан амьдралд үнэ цэнэ өгдөг, өөрийгөө  авч явах, ажил амьдралдаа аливаа шийдвэр гаргахад баримталдаг зарчим гэж тодорхойлжээ. (Хуудас 55). Тодорхойлолтоос харахад хүмүүсийн хоорондын гол ялгаа үнэт зүйл нь ямар вэ гэдгээс шалтгаалдаг ажээ. Үнэт зүйлсээ хүүхэддээ эзэмшүүлэх нь бидний зорилго гэлтэй.

 Уг ном 6 бүлэгтэй. Үүнд:

1.      Нийгмийн өөрчлөлт ба 21-р зуун

2.      Боловсролын цөм нь үнэт зүйл

3.      Хүүхдэд үнэт зүйлийг өвлүүлэх нь

4.      Чадамжид суурилсан боловсрол түүнийг хэрэгжүүлэх нь

5.      Бага насны хүүхдийн хөгжил төлөвшлийн үнэлгээ

6.      Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээ

Бүлэг бүрийн эхэнд нь товч агуулгыг тодорхойлж, тухайн сэдвийн онолын үндэс, түүнийг монгол хөрсөнд буулгасан тусгалыг бичиж, судалгааны үр дүн, статистик тоо баримтаар баталгаажуулж, төгсгөлд нь эцэг эх нь үр хүүхэддээ, багш нь шавьдаа хэрхэн зөв зүйлсийг төлөвшүүлэхийг зөвлөсөн нь номын хэрэглээг амьдралд тусгахаар болгожээ. Мэдээж хүн төрөлхтний эдүгээ хүртэл олж мэдсэн чухал зүйлс олон ч түүнийг хэрхэн ирээдүй үедээ эзэмшүүлэх арга зам нь тодорхойгүй байдаг бол энэхүү ном үүнийг л тодорхой болгож өгснөөрөө багш, эцэг эхчүүдэд тус болох юм.

             Надад хамгийн их таалагдсан  зүйлс бол

·        Онол, нэр томьёог хялбаршуулан тайлбарласан нь тун ойлгомжтой. Тухайлбал, чадамжийг машин жолоодох үйл явцад буулгаж тайлбарласан байна, (Хуудас124). Замын хөдөлгөөний дүрэм,  машины ажиллах зарчим, эд анги, тэдгээрийн зориулалт зэргийн мэдлэг, анхаарлаа хуваарилах,  замдаа хурд, хүчийг тохируулах зэрэг чадвар,  дүрэм баримтлах,  тэвчээртэй байх зэрэг нь хандлага бөгөөд эдгээрийн аль нэг нь хангалтгүй  бол машин жолоодогчийн амь эрсдэх, бусдыг хохироох,  эсвэл машинаа огт хөдөлгөж чадахгүй. Энэ жишээ “Чадамж нь мэдлэг, чадвар, хандлага, зан үйлийн нэгдэл” гэсэн хуурай тодорхойлолтыг амилуулж чаджээ. Мөн явцын болон үр дүнгийн үнэлгээг хэрхэн ойлгохыг буулгасан жишээ бүхий зүйрлэлийг шигтгэжээ. “Тогооч шөлийг амталж үзэх нь явцын үнэлгээ, үйлчлүүлэгч шөлийг амтлах нь үр дүнгийн үнэлгээ юм” хэмээн хэлсэн Paul Black -ийн зүйрлэл нь явцын болон үр дүнгийн үнэлгээг ялгаж ойлгоход мөн ч дөхөм болгожээ. (Хуудас 197).

·        Хүүхдэд багаас нь үнэт зүйл өвлүүлэх арга зүйг тодорхой жишээгээр тайлбарласан. Тухайлбал, хүүхэддээ хариуцлагатай байхыг орой цагтаа унтаж сурах, шударга байхыг олсон зүйлээ эзэнд нь өгөх, хүлээцтэй байхыг гэрийн эсвэл ангийн дүрэм баримтлахад сурах гэх мэт санаа олныг тусгажээ.  Үнэт зүйлс хэрхэн илэрдгийг мэдэх нь түүнийг хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллах нөхцөл болно.

·        Баталгаатай эх сурвалжаас авсан маш олон мэдээлэлтэй. Голдуу олон улсын байгууллагуудын зөвлөмж, судалгааны тайлан, үндэсний болон олон улсын томоохон судалгааны байгууллагуудын сүүлийн үеийн мэдээлэл, тоо баримтуудыг ашигласан. Уншсан хүн өөрөө лавшруулж судлах  боломжтой хэрнээ  мэдэж, ашиглаж баймаар эх сурвалжууд байх ажээ.

·        Бодит кейс тохиолдлууд олноор оруулсан ажээ. Цэцэрлэгийн багш нар, мэргэжлийн хүмүүс,  бяцхан хүүхдүүд, салбарын голлох эрдэмтэд, эцэг эхчүүдийн бодит кейс оруулж өгсөн нь номыг ойлгомжтой болгожээ.

·        Эшлэл, ашигласан эх сурвалж арвин. Зөвхөн ном зүй гэхэд 13 нүүр ажээ. Герман, англи хэлээр бичигдсэн эх сурвалжууд олныг ашиглажээ.  Монгол хэлээр тухайн  чиглэлээрх судалгааны ажлууд,  бодлогын баримт бичгүүд тун оновчтой сонгогджээ.

Энэ мэт олон бүтээлч эргэцүүлэл хийх боломж байна.

           Боловсрол судлал, хүний хөгжлийн онол, судалгааны үр бүх хүнд хамаатай. Учир нь бүгдэд үр хүүхдээ өсгөх, төлөвшүүлэх, тэднийг хамгийн сайнаар хөгжүүлэх, бусдыг хайрлах зүрх сэтгэлтэй болгох, үнэт зүйлтэй, түүнээ эрхэмлэдэг болгох  хэрэгцээ байж таарна. Тиймээс энэхүү номыг хүн бүхэн уншаасай.

         Би өөрийн бодлыг тулгахгүйгээр, таныг өөрөө уншин өөрийнхөөрөө тунгаахыг хүсье.

2023-07-17

Иссык куль

Tuesday, February 8, 2022

ЮУ МӨРӨӨДӨХӨӨ МЭДЭХГҮЙ БАЙСАН

 

1990 оны ардчилсан хувьсгалын жил бид 10-р ангиа төгссөн юм. Манай ангийнхан аймгийн  номын санд ном их уншдаг бөгөөд тэр жил 10-р ангиа төгсөх учир халуун намраар бүх шалгалтынхаа билетийг боловсруулан (Төгсөх ангид тодорхой хичээлүүдээр урьдчилан гаргасан асуултын дагуу тусгай дэвтэр дээр бүх асуултад хариулж бичиж авахыг билет боловсруулах гэдэг байв. Шалгалт дээр тэдгээр билетнээсээ сугалаад асуултуудад хариулаад дүн авдаг байв. Нэг шалгалт 30-35 орчим билеттэй. Билет бүр 3-4 асуулт, даалгавартай байсан.) бэлтгэж эхэлсэн сэн. Тэр намар би Нийгэм судлал хичээлийн 35 асуултын дагуу билетээ тухайн үеийн 5 төгрөгний саарал дэвтэр дүүртэл бичиж боловсруулж авлаа. Дараа нь монгол хэл, уран зохиол, тэгээд орос хэл гээд боловсруулсан билээ. 12-р сарын нэг өдөр дотны найз Амартогтохтойгоо номын сангаас гараад гудам уруудаад явж байтал манай ангийн нэг хүү тааралдлаа. Түүний нүд нь орой дээрээ гарчихсан “Аюушийн талбай дээр БАТМӨНХ ОГЦОР гээд хүмүүс улаан даавуу толгойдоо боогоод жагсаал хийж байна. Хурдан гэр рүүгээ яв” гэж шавдуулж билээ. Тэр найзынхаа тухайн үеийн нүдний харцыг одоо хүртэл мартдаггүй юм. Хоёулаа Ард Аюушийн талбай руу явах гэснээ харихаар шийдэж, бушуухан гэр рүүгээ явсан. Явж байх зуур нэг л айдас төрөөд нуруу хүйт даагаад байж билээ. Бидний үед анх удаа тийм үйл явдал болсон учраас зөвхөн бид төдийгүй бүх хүн түгшиж, цочирдож хүлээж авсан. Түүхийн гэрч болсон хэрэг. За тэгээд маргаашнаас нь эхлээд бид ангидаа хоорондоо маргах, улс төрийн сэдвээр ярилцах, залуухан багш нараасаа тэдний үзэл бодлыг нь сонсчих санаатай асуулт асуух, элдэв гар дамжин тараагдаж байгаа ном товхимол унших зэргээр ардчиллыг хүлээж авч байлаа. Хамгийн их хөдөлмөр гаргасан Нийгэм судлал хичээлийн билет маань хэрэггүй болсон юм. Ийм цаг үед ЕБС-иа төгсөж байжээ.

Тэр цаг үеийн 17-18 настай бидний хувьд одоо эргээд бодоход хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл бол өмнө нь “Тийм мэргэжил эзэмшинэ, тийм хүн болно” гэж төсөөлж байсан бүх зүйл хэдхэн сарын дотор нурж унасан явдал юм. 17 настай би лав юу мөрөөдөхөө мэдэхгүй байжээ. Англи хэл сурах хэрэгтэй гэсэн ойлголт арай эхлээгүй, ямар мэргэжил эзэмшиж, хэрхэн амьдрах боломж байгаа талаар ямар ч ойлголт төсөөлөл байхгүй болсон. ЮУ МӨРӨӨДӨХӨӨ МЭДЭХГҮЙ БАЙСАН. Магадгүй ах эгч нь тухайн үед гадаадад сурч байсан, арай мэдээлэл ихтэй байсан хүүхдүүдэд тодорхой төсөөлөл байсан байх. Надад лав ямар ч төсөөлөл байхгүй байсан. Үеийн нөхдөөс маань тэр үеэс эхлээд гахай үүрч, зах дээр зогсож наймаа худалдаа эрхэлсэн нь зөндөө. Бас л над шиг яахаа мэдэхээ байчихаад тухайн үед ашиг орлоготой санагдаад тийм ажил эрхэлсэн хэрэг. За тэгээд картын бараа, өмч хувьчлал, зах зээлийн эдийн засаг гээд өнөөдрийн энэ үед хүртэл алдаж оносон бүх цаг үед бидний залуу нас, ажиллах ид нас өнгөрч байна. Ёстой салхины аясаар хийсэж яваад одоогийн амьдралаараа амьдарч яваа байх. Манай үеийнхэн дотор нугачаа ихтэй замаар мацаж, яг одоогийнхоо кареерт хүрсэн нь олон доо. Газар өмчилж аваад тэндээ мод тарьж болно гэдэг ойлголт ч сэтгэлд багтдаггүй байсан үе. Банкнаас зээл авна гэдгийг бүр мэдэхгүй. Гуравдагч оронд сурч болно гэж санаанд ч багтахгүй байсан даа.

Энэ бүхнийг яагаад бодов гэхээр хүний залуу насанд мөрөөдөл нь тодорхой байх их чухал хүчин зүйл юм шиг санагдах юм. Одоо хүүхдүүдийн мөрөөдлийг сонсохоор энэ бодол улам лавширдаг. Хэдийгээр залуу насандаа цагийн салхинд ийнхүү төөрсөн ч одоо хэрнээ мөрөөдөл тээсээр явна. Зөндөө олон мөрөөдөл тээж явсаар заримыг нь биелүүлсэн ч байна. Гэхдээ ямх ямхаар урагшилжээ. Яг одоогийн мөрөөдөл нь юу гэж үү? Сүүлийн үед “Олон хүнд туслах боломжтой болох юм сан” гэж мөрөөдөж байна. Ялангуяа олон хүүхдэд боломж бий болгож өгөх сөн. Үүрээд хүргээд өгөхгүй ч зөв замыг зааж өгөх юм сан. Хийж байгаа ажил маань  миний мөрөөдлийг биелүүлэхүйц ажил даа. Сайн бага ангийн багш бэлтгэвэл тэд олон олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлнэ. Бас тэд маань хариуцлагатай, зөв эцэг эх болвол тэдний үр хүүхэд хайраар дутахгүй өсөж зөв хүмүүс болно. Мөрөөдлийн хүч их шүү. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх нь зорилгоо чиглэн (goal-oriented) ажиллаж, амьдарч байгаа хэрэг. Мөрөөдөл хөгшрөхгүй.

 

Thursday, August 12, 2021

Зорилго руугаа чиглэсэн суралцагч

 

Их сургуулийн оюутан эрдэмд шамдан сайн мэргэжилтэн болох нь улсын ирээдүйг тодорхойлох хүчин зүйл билээ. 21-р зуунд хэн бүхэн багшийн шахалтаар биш өөрийн ухамсраар хичээлээ давтаж, ном уншиж, өсөж дэвших болжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн жолоодлоготой суралцах гэсэн үг. Үүний нэгэн чухал хүчин зүйл бол сайн зорилго дэвшүүлж, бүхий л үйл ажиллагаагаа тэрхүү зорилго руу чиглүүлж ажиллах чадвар юм.

Хэн нэгний зорилго “сайхан амьдрах” байсан гэвэл бүх насаараа үүнийг ярьсаар, сайхан амьдарч чадахгүй өнгөрч болно. Энд ямар байвал сайхан амьдарсан гэж үзэх вэ? хэзээ сайхан амьдрах вэ?  тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах уу?  гээд олон зүйл тодорхойгүй байна. Тэгэхээр зорилгоо хэрхэн оновчтой дэвшүүлэх талаар хамгийн түгээмэл шаардлагыг танилцуулъя.  1981 онд судлаач Жорж Доран анх зорилго нь SMART байхын давуу талыг тооцсон өгүүлэл бичжээ. SMART гэдэг нь товчилсон үг бөгөөд  S(specific), M(measurable), A(achievable), R(relevant), T(time-bound) гэсэн үгнүүдийн эхний үсгүүд юм. Эдгээрийг нэг бүрчлэн тайлбарлавал:

S: Энэ нь нарийлаг, тодорхой гэсэн үг буюу яг юуг хэн хийх нь тодорхой байх ёстойг тусгасан байх ёстой.

M: Хэмжиж болохуй буюу тухайн зорилгын үр дүн тоон болон тодорхой үзүүлэлтээр хэмжиж болохоор байх ёстой.

A: Хийж болохуй гэсэн үг буюу тухайн зорилгыг гүйцэтгэж, хийж дийлэхээр байх ёстой гэсэн үг.

R: Тухайн зорилго нь өөртөө нь хамааралтай буюу өөрийнх нь мэдлийн  ажил байх ёстой.

T:Цаг хугацаа нь тодорхой заагдсан байх ёстой гэсэн үг.

            Оюутан та өөрийн зорилгыг эдгээр шаардлагыг биелүүлж чадаж байгаа эсэхийг шалгаарай. Жишээлбэл, нэг оюутан сайн багш болох гэсэн зорилго дэвшүүлсэн гэж бодъё. Тэгвэл энэ зорилгын хувьд дээрх 5 шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг авч үзье.

Шалгуур

Үнэлгээ

Тайлбар

S

Нарийвчилсан, тодорхой

Хангасангүй

Ямар бол сайн багш гэхийг заагаагүй

M

Хэмжиж болохуйц

Хангасангүй

Сайн багш гэж ямар үзүүлэлт хэд байгаад хэд болохыг заагаагүй

A

Хийж болохуйц

Хангасан

Төгсөгч бүрд сайн багш болох боломж бий

R

Тантай холбоотой

Хангасан

Өөрөө л сайн багш болох тухай бичжээ

T

Цаг хугацаа нь тодорхой

Хангасангүй

Хэзээ, хэдэн жил, сарын дараа энэ зоригод хүрэхийг заагаагүй

 

Харин “IELTS шалгалтад 2020 оны 12-р сарын 1 гэхэд 6.5 оноо авах” гэсэн зорилгын дээрхтэй адил шалгуураар үнэлбэл:

S: Англи хэлний IELTS шалгалт өгөх юм байна.

M: 6.5 онооо гэсэн нь хэмжигдэхүйц байна.

А: Сайн бэлтгэсэн тохиолдолд авч болох оноо учир хэрэгжихүйц байна.

R: Чи өгөх учир чамтай холбоотой байна.

T: 12-р сарын 1 гэхэд гэсэн учир цаг хугацаа нь тодорхой байна.

            Зорилгод чиглэсэн суралцагч гэдэг нь дээрх нөхцөлийг хангасан зорилго дэвшүүлээд, түүнийг биелүүлэхийн төлөө шамдаж, бүх цаг зав, боломж, оюун ухааны түүний төлөө чиглүүлж, зарцуулж байгаа хүмүүнийг хэлнэ. Үүний төлөө зүтгэх үед тэвчээр алдагдах, цагаа дэмий өнгөрөөх, дахин дахин зорилгоо өөрчлөх, хийж буй үйл нь зорилго руу нь чиглээгүй байх зэрэг бэрхшээл гарна. Эдгээрийг шантралгүй давснаар зорилгоо биелүүлэх юм.

 

Та өөрийн энэ хичээлийн жилийн болон 30 нас хүртэлх гол зорилгоо шинээр тодорхойлж, SMART эсэхийг үнэлж үзнэ үү?

Энэ хичээлийн жилийн зорилго: ...................................................................................................

...........................................................................................................................................................

30 нас хүртэлх зорилго: .................................................................................................................

...........................................................................................................................................................

Шалгуур

Үнэлгээ

Тайлбар

S

Нарийвчилсан, тодорхой

 

 

M

Хэмжиж болохуйц

 

 

A

Хийж болохуйц

 

 

R

Тантай холбоотой

 

 

T

Цаг хугацаа нь тодорхой

 

 

 

Баярлалаа.

Амжилт хүсье.

Saturday, December 12, 2020

Elon Musk ба математик

 Элон Маск гэж хэн бэ?

Аугаа их Циолковский мэндэлснээс 114 жилийн дараа ....... онд Өмнөд Африкт инженерийн гэр бүлд мэндэлсэн Элон Маск (Elon Musk) хэмээх зохион бүтээгч, сэтгэгчийн талаар та сонссон байх аа. Хүүхэд байхдаа маш их ном уншдаг байсан хүү физик болон бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшжээ. Түүний нэр автомашины шинэ эрин үе болох цахилгаан автомашины супер загвар Теслa-тай холбогддог. Түүний бүтээсэн цахим төлбөрийн систем болох PayPal-аар та ямар нэгэн төлбөр хийх шаардлагатай тулгарч байсан гэж найдаж байна. Мөн нарны эрчим хүчийг ашиглах SolarCity төслийг санаачлан хөрөнгө оруулан ажилласнаараа дэлхийн дулаарлын эсрэг томоохон бодит хувь нэмэр юм.

Харин сүүлийн өдрүүдэд түүний нэр сансар судлал, сансрыг эзэмдэх хүн төрөлхтний ололт амжилттай холбогдон цуурайтаж байна. Түүний үүсгэн байгуулсан SpaceX компани 2020 оны 5-р сарын 30-нд сансарт анхны 2 нисгэгчтэй хөлөг болох Dragon-ыг тээвэрлэсэн Falcon 9 пуужин хөөргөлөө. Элон Маскын хамгийн том амжилт бол сансрын нислэг, тээврийн зардлыг их хэмжээгээр багасгасан явдал юм. 1970-2000 оны хооронд сансарт 1кг ачаа хүргэх зардал тогтмол 18500 доллар байсан бол SpaceX компанийн Falcon 9 пуужингийн 1кг ачаа хүргэх зардал түүнээс 6.8 дахин бага буюу ердөө .......... орчим доллар юм. Өөрөөр хэлбэл, сансарт ачаа хүргэх зардлыг ........ хувиар бууруулж чадсан байна. SpaceX компанийн зардлаа хэмнэсэн гол зүйл бол сансрын хөлгийг дахин ашиглах, мөн нарны эрчим хүч, хиймэл оюун ухааны тусламжтай технологи ашиглах зэрэг шийдэл юм. Тэдний Falcon heavy хөлөг нэг удаагийн хөөрөхдөө ойролцоогоор 27 Азийн заантай тэнцэх буюу ............. кг орчим ачааг сансарт гаргах боломжтой гэж үзжээ. Dragon capsule-ийн хошуу ≈ ..... м, битүү бүхээг ≈..... м, их бие ≈..... м,  хошууны суурийн диаметр ≈ ...... м

Элон Маскын нэгэн зорилго бол Марс гарагт хүн төрөлхтний дараагийн амьдралыг бий болгох хүсэл тэмүүлэл юм. Марс гараг 26 сар тутамд дэлхийд хамгийн ойртдог тул SpaceX компани тэр тохиол бүрд хүмүүсийг Марс гараг руу илгээж, 2025 оноос Марс дээр хүмүүс суурьшиж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Марс бол дэлхийгээс 10 дахин бага жинтэй, радиус нь дэлхийн радиусын талтай тэнцдэг. Дэлхий бейсболын бөмбөг шиг гэвэл Ангараг ........................................... шиг харагдана.

Удахгүй Монголын уудам нутагт хаа сайгүй Элоны StarLink компанийн 5G интернетийн сүлжээг хямдхан ашиглах байх аа.

Дэлгэрүүлж мэдээлэл авах эх сурвалж:

• https://solarsystem.nasa.gov/solar-system/our-solar-system/overview/

• https://en.wikipedia.org/wiki/Elon_Musk

• Unlock.podcast #1 https://www.youtube.com/watch?v=Br3rT-FBYls

• Ашли Ванс ЭЛОН МАСК Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь. 2015


ЭРГЭЦҮҮЛЭХ АСУУЛТ (багш нарт)

• Шинэ мэдээлэл авч чадсан уу? ......................................................................................

• Юу шинэ байсан бэ?.......................................................................................................

• Элон Маскын тухай өмнө нь хэр мэдэж байсан бэ?.....................................................

• Хэдэн бодлого бодсон бэ?..............................................................................................

• Бага боловсролын математикийн ямар чадваруудыг шаардаж байна? .....................

...........................................................................................................................................

...........................................................................................................................................

• Интернетээс мэдээлэл авсан уу?....................................................................................

• Интернетээс ямар хэл дээр мэдээлэл авсан бэ? ............................................................

• Иймэрхүү даалгавар 5-р ангийн сурагчид хэр сонирхолтой байх бол?......................

• Энэ даалгавартай холбоотой

▪ видео үзүүлэх боломж бий юу?..............................................................

▪ зураг зуруулж болох уу? .........................................................................

▪ танилцуулга бэлтгэх даалгавар өгч болох уу? .....................................

▪ өөр бодлого нэмж зохиох боломж бий юу?...........................................

▪ эцэг эхчүүдийг оролцуулсан даалгавар төлөвлөж болох уу? .............

▪ ном унших, түүнтэй холбоотой ажил зохиож болох уу? ....................

▪ Зөв бичих дүрэмтэй холбоотой даалгавар зохиож болох уу? .............

• Энэ даалгаврыг хийснээр сурагчдад дараах боломжийн аль нь бий болох вэ? (√)

o Хязгааргүй мөрөөдөх

o Физик, сансар судлалыг сонирхох

o Өөрийнхөө үйл ажиллагааг хянан зохицуулах

o Урам зоригтой болох

o Математикийн даалгаврыг дуртай хийх

o Зохион бүтээх хүсэл эрмэлзэл төрөх

o Уншсан зүйлийнхээ агуулгыг эргэцүүлэн бодох

o Мэдээллийг лавшруулан судлах

• Танд энэ даалгаврыг хийсний дараа ямар бодол төрснийг хуваалцана уу? .............. ............................................................................................................................................................................................................................................................................................................

Tuesday, May 5, 2020

Улаанхадын гүйлс цэцэглэх цагаар


Өмнө зүгийн дулаан уур амьсгалын нөлөөгөөр энэ нутагт эрт хавар болдог санж. Хаа сайгүй гүйлс цэцэглэж, зөөлөн өнгөөр хорвоог чимж, лавандагийн тансаг үнэрээр амьсгал мялаах ийм нэгэн хавраар Улаанхад хотноо ажиллаж эхлэв. 2020 оны 3-р сарын эхээр  бидний 6 багш МУБИС-ийн томилолтоор ӨМӨЗО-ны Улаанхад (англиар Chifeng, Хятадаар 赤峰) хотын Улаанхад дээд сургуульд зочин багшаар ажиллахаар очсон билээ. Бидний ийнхүү зочлон ажилласан хөтөлбөр нь БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Гадаад орноос эрдэмтэн урих” төслийн хүрээнд бидний 6 багш 2019 оны 12-р сарын 18-нд Гуанжоу хотод очиж, зочин багшаар ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн юм.
 
Өвөрлөгч ахан дүүсийн нутаг болох Улаанхад орчим өвөг дээдсийн минь түүхийн гэрч болох олон дурсгал үлдэж, эдүгээ Хуншань соёлын төв хэмээн нэрлэгддэг ажээ. Кидан улсын нийслэлийн туурь, Шар мөрөн,  Хишигтэн, Зүүн, Баруун Байрин, Харчин, Ар Хорчин хошуу, Улаанбутан, Онгонуудын элсэн манхан, Далай нуур, Далан хар уулс гээд эртний зохиол бүтээлд сонсож байсан танил нэртэй газар орон санагдсан. Хошуудтайгаа нийлээд 5 сая шахуу хүн амтай, түүний 18% орчим нь Монгол үндэстэн ажээ. Тэндэхийн Монгол үндэстний хэл аялга Жирим аймгийнхны аялгаас нэлээд өөр, бидэнд ойлгомжтой байсан. (Газрын зургийг www.wikipedia.org -аас авав.) Эдүгээ цагт Улаанхад хот Дундад улсын цэвэр хотуудын нэг гэдгээрээ ялгарч, гудамж талбай, нийтийн үйлчилгээний газруудын цэвэрч байдлыг эрхэмлэнэ. Уг хотод Дундад улсын томоохон хотуудад байдаг бүхий сүлжээ болон томоохон үйлчилгээний газрууд байдаг.

         Улаанхад хотод нийтийн соёл, үйлчилгээ маш сайн хөгжсөн бөгөөд хүний төлөө хийсэн олон шийдлийг хотын хаанаас ч харж болно. Нийтийн ариун цэврийн өрөө, автобусны буудал, хоолон гэр, банкны үйлчилгээ гээд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг тусган сайжруулсан үйлчилгээ нь Вичат (wechat)-ийн боломжтой нэгдэн, өдрөөс өдөрт хөгжиж байна.
            Худалдаа үйлчилгээний газар өдрийн од шиг цөөн монгол хүн таарах бөгөөд ерөнхийдөө Хятад хотод явж байгаа мэдрэмж төрнө. Гэвч улсын бодлогоор бүх байгууллага монгол бичгээр хаягаа бичсэн байдаг.
           

            Улаанхад хотын бас нэгэн гайхамшигт орчин бол хотын цэцэрлэгжүүлэлт юм. Надад хамгийн сайхан санагдсан зүйл бол борооны дараах арцны үнэр байсан. Гудамж талбайд тарьсан бүхэн цэцэглэж, үр жимс нь алаглан байх нь сэтгэл баясгана.
    

            
Удахгүй суман галт тэрэг зорчих зам барилгын ажил өрнөж, хүн зон нь тэрхүү хурдан галт тэрэгний замаар цахилан ирэх хөгжил дэвшил, өөрчлөлтийг таамаглан ярилцах нь олонтоо. Хурдан галт тэрэг Улаанхад хотоос Бээжин хүрэхэд 40 гаруй минут явах учраас энэ хотын амьдрал нэлээд өөрчлөгдөх байх даа. Биднийг байх үеэр Хөх хотод анхны хурдан галт тэрэг зорчиж, холыг ойртуулж, хөгжлийг хурдасгаж байгаа тухай мэдээллийн сувгуудаар хэдэн өдөр шуугисан.
Бидний ажилласан сургууль бол 14 мянга гаруй оюутантай, 24 салбар сургуульд 50 гаруй мэргэжилтэн бэлтгэдэг Улаанхад дээд сургууль билээ. Энэ сургууль нь ӨМӨЗО даяар эмч мэргэжилтэн, түүний дотроос шүдний эмч бэлтгэх чиглэлээр нэлээд танигдсан юм билээ. (http://www.chifenguniversity.com/) Дараах зурагт сургуулийн усан оргилуур, номын сан, хичээлийн танхимыг харууллаа.
           

Улаанхад дээд сургууль бол монгол түүх, соёлын судалгааг дэмжин, олон судалгааны төв байгуулж ажилладаг. Шар мөрний судалгааны төв, Цахар судлалын төв гэх мэт. Мэргэжилтэн бэлтгэх бааз сайн бэлтгэгдсэн нь номын сан, дадлагын лабораториуд, туршилтын танхим, биеийн тамирын зориулалтын талбай зэргээс илэрхий байдаг.
Бидэнд нэг жилийн хугацаанд маш олон халуун сэтгэлтэй ахан дүүс тусалж дэмжиж байсны хүчээр “Монголын багш” гэсэн албан бус хэрнээ хүндтэй, хариуцлагатай нэрээ ажлын амжилт, бүтээлээр харуулж чадсан. Тэдгээр хүмүүсийг энд дурдахад энэ хуудас хүрэлцэмгүй олон учраас онцлон Улаанхад дээд сургуулийн захирал Ли Деронг, дэд захирал Бүрэнжаргал, ажилтан Цоож, Жан, багш Мөнгөнтуяа, Хосбаяр, Алтанбулаг, Хастуяа, Сарантунгалаг нарыгаа нэрлэхэд таатай байна. Багийн бусад гишүүд мөн олон хүнийг тус тусдаа нэрлэх байх аа. Өвөрмонгол хүмүүсийн нийтлэг дүр төрх эсэхийг мэдэхгүй ч дээрх хүмүүсийн хувьд ахан дүүсийн сэтгэл, ажлын хариуцлага, уламжлал, түүх, удам угсаагаа мэдэх байдал нь хүндэтгэх сэтгэлийг эрхгүй төрүүлнэ. 1567 онд ...газар ... хүн ...үйл явдал болсон гэж тоочих энүүхэнд. Ижил мөрнөөс нүүж ирж чадаагүй торгуудуудын тухай дууг уяран дуулж, түүхийг ярихад өөрийн эрхгүй “ Бид ийм түүхийг хэр мэддэг билээ?” гэж өөрөөсөө асуухад хүргэсэн. Тэдний орчин цагийн хөгжлийн их урсгал дунд монгол соёл, уламжлал, хэлээ хойч үедээ уламжлуулан үлдээх чармайлт бахархмаар. Улсынхаа хууль дүрэм, нам засгийнхаа бодлогыг эрхэмлэн ажиллаж, зорилго тэмүүлэлтэй амьдарч байгаа нь алхам тутамд харагддаг.
Өвөр Монголын нутаг дэвсгэр учраас монгол сургууль, цэцэрлэг, хоолны газар  байхаас гадна уламжлалт цагаан идээ, мах шүүс, дээл хувцас гээд монгол маягийн юм худалдан авах боломж бас бий. Тос даасан ааруул хурууд, дарайсан өрөм, хайлуулсан шар тос хааяа амсахаар нутгаа санагалзах нь сэдэрдэг сэн. Хилээс нэлээд зайдуу учир монгол хүмүүс төдийлөн элбэг зорчдоггүй учраас биднийг сонирхон, элдэв асуулт асууж, Монголын тухай ихэд сонирхдог.
Их гүрний соёл, ёс журмыг даган нэг жил амьдрахдаа хэл, соёл өөр оюутнуудад хичээл зааж, шинэ туршлагаар аяны богцоо дүүргэж, өөртөө байдаг хэрнээ өмнө нь сайн анзаардаггүй байсан үнэт боломжуудаа олж харснаа болон шинээр  суралцсан зүйлсээ зах зухаас нь хуваалцая.
·         Тусгаар тогтнол гэдэг ямар их үнэ цэнтэй зүйл болохыг алхам тутамд мэдэрч байлаа. Улс орныхоо хөгжилд чадлын хэрээр хувь нэмэр оруулах сэтгэл өвөрлөн ирсэн.
·         Ардчилсан нийгмийн мөн чанар болоод өөрсдөө мэддэггүй, угаасаа тийм байсан юм шиг санадаг эрх чөлөөт амьдралын утга учрыг ухааруулж өгсөн. Хамгийн наад зах нь бидэнд ажлын байран дээрээ юу хийе гэж сэдсэнээ хаалт хориггүйгээр хийх боломж дүүрэн байна. Чөлөөтэй сэтгэх, үгээ хэлэх, санаа бодлоо хуваалцах, бодлого шийдвэрт саналаа өгөх гээд зөв зүйтэй эдлэн, хайрлан хамгаалж баймаар эрх бидэнд олон байна.
·         Өвлийн богино хугацаанд Улаанбаатарт нүүрсний утаанд хордохыг эс тооцвол бид цэнгэг агаар, цэвэр ус, эрүүл хоол идэж амьдардаг азтай улс гэдгээ ойлгосон. Зөвхөн энэ өгүүлбэрт дурдагдсан зүйлс хүний амьдралд ямар чухал билээ гээд бодохоор уншигч танд нэгийг бодогдуулж байгаа биз.
·         Хүн ам ихтэй улс орны хууль дүрэм, боломж гэдэг манайх шиг цөөн хүн амтай улсынхаас нэлээд өөр байдгийг ухаарлаа. Зарим зохицуулалт, дүрэм, журмыг нь “олон хүнтэй учраас ингэхээс өөр аргагүй” гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг.
·         Бид “Их монгол улсыг байгуулж явсан” гээд тэртээ 13-р зууны түүхээрээ хий бахархаад суух биш наад захын түүх, угсаа гарлаа мэдэж, үнэн зөвөөр нь хойч үедээ дамжуулан сургах ёстойг олж харсан. Энэ талаар Өвөр монгол ахан дүүсээс суралцмаар. Харчин ван Гүнсэнноровын ордон музейг үзээд, тухайн үед байгуулагдаж байсан охидын сургуулийн ном сурах бичиг, анги танхимыг цагийн салхинд хадгалж үлдсэн хичээл зүтгэлийг биширмээр. Наад зах нь бид маш олон орос үгийг эх хэл лугаа адил хэрэглэдгээ анзаарсан тул аль болох монгол хэлээрээ ярихыг хичээх хэрэгтэйг ухаарсан билээ.  
·         Тэнд хүн бүр ямар нэг зүйл бүтээдэг. Хотын үзэсгэлэн худалдаа болоход тэнд ирсэн хүмүүс дор бүрнээ авсаархан тоног төхөөрөмж ажиллуулан, ямар нэгэн зүйлийг бүтээж, түүнийгээ худалдаж байх жишээтэй. Хүн бүр жижиг ч гэсэн зүйл бүтээж байж улсын эдийн засаг хөгждөг байх. Нөгөө талаас хүн бүрийн оюун ухаан бүтээх түвшинд ажиллаж байгааг илтгэнэ.
·         Өнөө үед МХТ-ийн тусламжтайгаар хүний өдөр тутмын үйл хөдлөл, зан авир, хандлагыг хянан, удирдах боломжтой болсон гэдгийг мэдэрсэн. Замын хөдөлгөөний соёл, олон нийтийн газар биеэ авч явах байдал, ажил албаа гүйцэтгэх чанар гээд олон үзүүлэлт бүхий өгөгдлийн сан бүрдэж, түүнээс та бидний хариуцлага, хандлага бүгд нэвт харагдах цаг хаянд ирсэн. Social Credit System гэж та бүхэн сонссон байх аа. Мөн бүхий л төлбөр тооцоогоо утасны аппликэйшн ашиглан хийх нь цаанаа санхүүгийн хариуцлагынхаа талаар мэдээллийн санд бүртгэгдэж байгаа хэрэг.
Манай багийн хувьд ганзага нийлж, хамтарч сайхан ажилласныг бахархан дурдасу. Үлгэрлэн ажиллах профессор ах, хичээнгүйлэн зүтгэх номч 4 дүүгийнхээ түшиг нөмөрт эрүүл энх, амар амгалан, үүрэг зорилгоо биелүүлэн сайхан ажилласан. Тиймдээ ч бидний 6 багшийн нэгэн жилийн ажлын томилолт үр дүнтэй болж, багш бүр өөрийн ажилласан салбар сургууль дээрээ мэддэг чаддаг бүхнээ хуваалцаж, бас суралцаж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж ирсэн. Үүний нэг баталгаа нь сургуулийн захиргааны өргөтгөсөн хурлаар бидний ажлын тайланг сонсож, хэлэлцээд, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн хэмээн тус сургуулийн хүндэт профессор цол олгосон явдал юм. Хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан учраас цаашид хоёр сургуулийн эрдэм судлалын ажил тодорхой үр дүнд хүрэх сэтгэлийн ерөөл өргөн, Улаанхад хотыг гүйлс цэцэглэх цагаар нь дурссан тэмдэглэлээ өндөрлөе.
Д.Амарүвшин
2020.05.05